Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ?

Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ?

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Биеийн болон сэтгэц, оюун санааны эрүүл мэндээ хамгаалахын чухлыг та байнга сонсдог ч, бэлгийн эрүүл мэнддээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байх нь мөн адил чухал. Бэлгийн эрүүл мэндэд дараах үндсэн 3 ойлголтыг авч үздэг. 

  • Эрүүл дотно харилцаа
  • Гэр бүл төлөвлөлт
  • Бэлгийн замын халдвараас сэргийлэх

Иймд бэлгийн эрүүл мэндийн талаар зөв мэдээлэлтэй байх нь сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн талаар мэдлэгтэй байвал үүнээс урьдчилан сэргийлэх бололцоотой болно гэсэн үг. Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эмчид хандаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаасаа санаа бүү зовоорой.

БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх

Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), эсвэл бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэдэг нь бэлгийн хавьтлаар дамждаг халдваруудыг хэлнэ. Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор БЗХӨ-ний халдвар авдаг.

Ихэнх БЗХӨ шинж тэмдэггүй, далд явагддагаас халдвартай хүнийг мэдэх боломжгүй байдаг. Ихэнх тохиолдолд тухайн хүн өөрөө ч халдвартай гэдгээ мэдэлгүй явсаар байдаг.

Иймд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр бэлгийн цор ганц хамтрагчтай байх, бие биендээ үнэнч байх талаар зөвшилцөх нь та болон таны хамтрагчийг эрсдэлээс сэргийлнэ. Жирэмснээс сэргийлэх хаалтын аргуудын нэг бэлгэвч нь ихэнх БЗДХ-ын эрсдэлийг бууруулдаг.

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн эрүүл мэнд нь маш өргөн хүрээний ойлголтуудыг багтаадаг. Жишээ, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудал гэх мэт.

Дотно харилцаандаа сэтгэл хангалуун байх, БЗДХ-аас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэлтэй байх нь чухал. Дунд наснаас хойш эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг ч, аль ч насанд эрүүл, сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх бүрэн боломжтой.

Эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд

Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн эрүүл мэнд нь гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас сэргийлэх, шодойн хөвчрөлийн алдагдал болон бэлгийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлыг хамарна.

Зарим эрэгтэйчүүд бэлэг эрхтэний хэмжээндээ сэтгэл хангалуун бус, энэ нь тэдний сэтгэл ханамжид ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.

Эрэгтэйчүүд ч ялгаагүй нас ахихын хирээр бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарах бөгөөд аль ч насанд эрүүл, сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байх бүрэн боломжтой.

Насжилт ба бэлгийн амьдрал

Ахимаг настнуудад бэлгийн амьдрал чухал уу? Маш чухал, тэд физиолгийн хувьд бэлгийн идэвхтэй амьдралтай байх бүрэн чадамжтай бөгөөд бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь эргээд ерөнхий эрүүл мэнд, сэтгэлзүйд нь эергээр нөлөөлдөг. Бэлгийн харилцаа бол зөвхөн нөхөн үржихүйн насны хүмүүст хамаатай зүйл бишээ.

Бэлгийн амьдралын сэтгэл ханамж гэдэг нь бэлгийн дур хүсэлтэй байх, бэлгийн хавьтлын чанар болоод давтамжид сэтгэл хангалуун байхыг хэлнэ.

Гэвч, ахимаг насанд бэлгийн амьдралд зарим өөрчлөлт гарах нь зайлшгүй. Бие махбодид гарах өөрчлөлт, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл болон зарим эм бэлдмэлийн гаж нөлөөгөөр бэлгийн хавьтал хийхэд хүндрэл үүсэх, сэтгэл ханамж, ташаалын мэдрэмж буурах зэрэг асуудал тулгардаг. 

Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эмчид хандаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаас бүү санаа зовоорой. Мөн БЗДХ-ын эрсдэл аль ч насанд байдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ сексийн талаар ярилцах

Ихэнх эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхэдтэй ярилцахаас эмээдэг. Гэсэн хэдий ч бэлгийн амьдралын талаар хүүхдийнхээ насанд тохируулж, илэн далангүй ярилцах нь эцэг, эхийн үүрэг юм. Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн зан үйлтэй холбоотой шийдвэр гаргах, эрүүл, зохистой бэлгийн зан үйлтэй болоход эцэг, эхийн зөвлөмж тун хэрэгтэй. 

Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцахад хүүхэд бүрт тохирсон стандарт зөвлөмж байхгүй. Иймд ярилцахын өмнө хүүхдээ сайтар ажиглах, ойлгох, мэдрэх хэрэгтэй. Таны өгөх зөвлөмж, мэдээлэл хүүхдийн нас, бэлгийн бойжилт, сэтгэлзүйн онцлог, таны өөрийн зорилго, үнэт зүйлд тохирсон байвал зохино. Хүүхэд тань танаас өдөр тутам асуудаг энгийн асуултуудад ч ач холбогдол өгч, чин сэтгэлээсээ ярилцдаг байгаарай.

Хүүхэдтэйгээ сексийн талаар ярилцах үед сандрах, тавгүй мэдрэмж төрөх нь хэвийн зүйл. Хүүхэдтэйгээ нээлттэй, зохистой байдлаар ярилцах нь тэдэнд таны үнэт зүйлийг ойлгож, эрүүл бэлгийн зан үйлтэй бие хүн болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ.