Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭС СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭС СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ

Умайн хүзүүний хорт хавдар болон хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх Пап сорилыг дэлхийн даяар өргөн хэрэглэдэг бөгөөд манай орны ихэнх эмнэлзүйн болон эс судлалын лабораториудад хандан эс судлалын шинжилгээнд хамрагдах боломжтой. Хөгжиж буй улс орны эмэгтэйчүүдийн таваас бага хувь нь Пап тестэд хамрагддаг бол АНУ-ын эмэгтэйчүүдийн 89% нь гурван жил тутамд уг сорилд хамрагддаг байна.  Пап тестийн арга нь өртөг багатай, үйлчлүүлэгчид аюулгүй байдлаар сорьцыг цуглуулж, амархан будаж, үнэлэх боломжтой, төдийгүй өвөрмөц болон мэдрэг чанар өндөртэй арга юм. Пап тестийн өвөрмөц, мэдрэг чанарыг үнэлсэн мета-анализ болон бусад судалгааны үр дүнгээс үзвэл уг сорилын мэдрэг чанар нь 11-99%, өвөрмөц чанар нь 86-100% гэж дүгнэсэн байдаг. Уг сорилын мэдрэг ба өвөрмөц чанар нь сорьц цуглуулсан эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамаардаг тул шаардлага хангасан сорьцыг эс судлалын лабораторид хүргүүлэх нь эмнэлзүйн эмч нарын үүрэг юм.

Ерөнхийдөө сайн дураараа (санамсаргүй) эсвэл зохион байгуулалттай хоёр аргаар умайн хүзүүний хавдрын илрүүлэлтийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийг хамруулдаг. Зохион байгуулалттай илрүүлэлтийн хөтөлбөрийг тухайн улс орон эсвэл бүс нутгийн хэмжээнд төлөвлөн зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд манай улсын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 21 наснаас 65 нас хүртэлх насны эмэгтэйчүүдийг гурав, гурав жилийн  интервалтайгаар хамруулж байна. Сайн дурын илрүүлэлтэд хамрагдсан эмэгтэйчүүд ихэвчлэн өөр шалтгааны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Энэ тохиолдолд эмч санал болгосны дагуу эсвэл эмэгтэй өөрийн хүсэлтээр илрүүлэлтэд хамрагддаг байна. Ерөнхийдөө 21 наснаас эхлээд эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын илрүүлэлт буюу Пап сорил өгөхийг зөвлөсөн байдаг (Хүснэгт 1). Хэрвээ тухайн эмэгтэй 30-аас дээш настай бол умайн хүзүүний эсийн шинжилгээ (Пап сорил) болон ХПВ-ийг молекул биологийн аргаар давхар илрүүлэх буюу хавсарсан сорил хийхийг зөвлөдөг. Харин хэд хэдэн удаагийн хавсарсан сорил сөрөг гарсан, 65 наснаас дээш настай эмэгтэйчүүд илрүүлэлтэд хамрагдахгүй байж болно.

Capture

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх хоёр төрлийн ХПВ-ийн вакцин (Gardasil ба Cervarix) байдаг. Эдгээр хоёр вакцин нь ХПВ-ийн L1 капсид уургийг дуурайсан вирус-төст хэсэг (viruslike particles) гэж нэрлэгддэг ДНХ агуулдаггүй уургийн хоосон бүрхүүлээс тогтох тул халдвар биш юм. Gardasil (Merck & Co., Inc.) нь ХПВ –ийн 6, 11, 16, 18 гэх дөрвөн хэвшинжээс, харин Cervarix (GlaxoSmithKline) нь HPV-ийн 16 ба 18 дугаар хэвшинжээс тус тус хамгаалдаг. Эдгээр вакциныг бэлгийн идэвхтэй харьцаанд орохоос өмнө дараалсан гурван тунгаар тарьж хэрэглэдэг.

ХПВ–ийн вакцинжуулалтанд хамрагдсан болон хамрагдаагүй эмэгтэйчүүд яг адил эс судлалын илрүүлэлтэд хамрагдах ёстой. Вакцин нь ХПВ-ийн 16 ба 18 дугаар хэвшинжээс хамгаалах боловч умайн хүзүүний хавдрын үлдсэн 30% нь энэ хоёр хэвшинжтэй хамааралгүй байдаг. Түүнчлэн ХПВ-ийн вакцин хэр удаан хугацаанд умайн хүзүүний хавдраас сэргийлэх чадвартай нь одоогоор тодорхойгүй тул тогтмол эс судлалын илрүүлэлтэд хамрагдах хэрэгтэй гэж үздэг.

Америкийн хорт хавдрын нийгэмлэгийн удирдамжийн дагуу 11-12 насны охидыг вакцинжуулах, хэрвээ товлосон насанд хамрагдаагүй бол 13-18 насанд нөхөн вакцинжуулахыг зөвлөдөг. АНУ-д 13-17 насны охидын 53% вакцины анхны тунг авдаг бөгөөд 35% нь гурван тунд бүрэн хамрагддаг гэж 2011 оны статистик мэдээнд дурджээ.

Үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж:

  • Биений юм ирсэн үед эс судлалын шинжилгээ өгөх тохиромжгүй. Биений юм ирж дууссанаас хойш 5-аас доошгүй өдрийн дараа эсийн шинжилгээ өгөх нь хамгийн тохиромжтой.
  • Үтрээний угаалга, тампон, тос, хөөс зэргийг эсийн шинжилгээ өгөхөөс 2-3 өдрийн өмнөөс хэрэглэхгүй байх.
  • Шинжилгээ өгөхөөс 2 өдрийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх.