Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Умайн хүзүүний эсийн ПАП сорилын тухай дэлгэрэнгүй

Умайн хүзүүний эсийн ПАП сорилын тухай дэлгэрэнгүй

Пап сорил (умайн хүзүүний эсийн шинжилгээ) гэж юу вэ?

Пап сорил нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ юм. Умайн хүзүү нь үтрээний дээд хэсэг, умай руу орох үүд. Сорьцыг ердийн дотуур үзлэгийн явцад цуглуулна.

Пап сорил тогтмол өгөх нь яагаад чухал вэ?

Пап сорилоор хэдэн жилийн дараа хорт хавдарт шилжиж болзошгүй умайн хүзүүний өөрчлөлтийг илрүүлнэ. Эдгээр өөрчлөлт нь өвөрмөц шинж тэмдэггүй байдаг. Пап сорил нь өөрчлөлтийг 100% илрүүлж чадахгүй. Тогтмол сорилд хамрагдах нь умайн хүзүүний өөрчлөлтийг эрт илрүүлэх гол арга юм.

Пап сорилд хэн хамрагдах вэ?

Бэлгийн харьцаанд орсон болон ороогүй боловч 18 нас хүрсэн бол Пап сорилд тогтмол хамрагдах нь зүйтэй. Яг одоогоор бэлгийн идэвхтэй амьдралгүй ч хэзээ өмнө нь бэлгийн амьдралтай байсан бол сорил өгөх хэрэгтэй. Ямар хугацааны зайтай өгөх нь орон нутаг, эмч бүрт харилцан адилгүй байдаг. Зарим нь жил бүр өгөхийг зөвлөдөг. Хэрэв та 3 жил дараалан өөрчлөлтгүй байсан бол 2-3 жилд нэг удаа умайн хүзүүний сорьц өгч болно. Ер нь амьдралынхаа туршид өгч болно.

Хэрэв танд дараах шинж илэрсэн бол Пап сорил өгөх шаардлагатай:

  • Умайн хүзүүний өөрчлөлт болон хавдрын улмаас өмнө нь эмчлэгдэж байсан
  • Хэсэгчилсэн гистероэктоми хийлгэсэн
  • Та болон таны ээж жирэмсэн байхдаа DES  хэрэглэж байсан (DES: Diethylstilbestrol 1941-1971 oнд зулбалтын эсрэг хэрэглэж байсан эм)

Хэрэв та 70-с дээш настай, сүүлийн 10 жилд 3 дараалан Пап сорил өөрчлөлтгүй байсан бол дахин өгөх шаардлагагүй.

Шинжилгээг хэрхэн авдаг вэ?

Эмч болон сувилагч сорьцыг авна. Танд шинжилгээг яаж авах талаар тайлбарлаж өгнө. Үзлэгийн орон дээр гарахын өмнө дотуур хувцсаа тайлна. Эмч бээлийгээ өмсч үтрээнд толь тавих ба умайн хүзүүг харахын тулд толио тэлнэ. Толь аль болох жижиг, хүрэхэд дулаахан байвал зохистой. Зориулалтын савх буюу сойзоор умайн хүзүүний сорьцыг авна. Хүний папиллома вирусын шинжилгээг энэ сорьцоор хийж болно.

Гүн амьгал авах нь үтрээний булчинг суллана. Хэрэв эвгүй байвал эмчдээ хэлж, шинжилгээг зогсоож болно.

Шинжилгээний дүн найдвартай байхад танаас шалтгаалах зүйл:

  • Сорилоос 48 цагийн дотор үтрээний угаалга, гель хэрэглэхгүй
  • Сорилоос 24 цагийн дотор бэлгийн хавьталд ороогүй
  • Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед шинжилгээгээ өгөх нь зүйтэй.

Таны шинжилгээний хариу эмчид очих болно. Ихэнх сорил хэвийн байдаг ч 1\10-д өөрчлөлт илэрч болно. Хэрэв өөрчлөлттэй бол эмч танд энэ талаар хэлэх болно. Харин хэвийн бол жил бүр Пап сорилио өгч эмчдээ үргэлжлүүлэн үзүүлнэ.

Пап сорилын өөрчлөлт гэж юуг ойлгох вэ?

Пап сорилын өөрчлөлт нь умайн хүзүүний хавдартай гэсэн үг биш.  Умайн хүзүү нь үтрээний төгсгөлд байх умай руу орсон үүдэвч бөгөөд шилжилтийн бүс гэж нэрлэгдэх хэсгээс эмч сорьцыг цуглуулна. Энэ хэсэг нь өөрчлөлтөнд өртдөг гол бүс юм.

Дараах шалтгаанаас болж умайн хүзүүний эсэд өөрчлөлт гардаг:

  • Үтрээний үрэвсэл буюу БЗХ
  • Хүний папиллома вирус, түүний ужиг халдвар нь умайн хүзүүний өөрчлөлт болон хавдрын шалтгаан болох нь олонтаа.
  • Жирэмсний явцад DES хэрэглэж байсан эхээс төрсөн охидод
  • Цэвэршсэн эмэгтэйд тохиолдох дааврын өөрчлөлт

Сорил өөрчлөлттэй тухай сонсмогц ихэнх эмэгтэйд айдас төрдөг. Гэвч өөрчлөлттэй ихэнх эмэгтэйд хавдар илэрдэггүйг сана. Умайн хүзүүний хавдар үүстэл бараг 10 жил болдог. Умайн хүзүүний өөрчлөлт ихэвчлэн 1-2 жилийн дотор өөрөө хэвийн болно.

Таны сорилын хариу Ямар утгатай Дараа нь яах вэ?
Хангалтгүй сорьц 1. Эмч сорьцыг зөв авч чадаагүй.

2. Хэрэв та жирэмсэн, эсвэл жирэмснээс сэргийлэх эм уудаг бол дааврын өөрчлөлт нь наалдцанд нөлөөлж болно.

Сорилыг 3 сарын дараа давт, энэ нь умайн хүзүү шинэ эсээр төлжих хамгийн бага хугацаа
Хоргүй буюу урвалт өөрчлөлт

Хөнгөн атипи

Таны умайн хүзүү хэвийн.

Та үтрээний үрэвсэл буюу БЗХ-тай байж болно.

Халдварыг эмчил, 6 сарын дараа Пап сорилыг давт.
ASCUS (atypical squamous cells)

AGUS(atypical glandular cells) of undetermined significance

Эс ангилагдахгүй. ASCUS өөрөө аяндаа хэвийн болох нь олонтаа.

Та HPV халдвар авсан байж болно.

HPV сорил өгч болно.

Пап сорилыг давт.

LSIL(low-grade squamous intraepithelial lesion)

 

Хөнгөн дисплази

 

CIN 1

Ажиглах шаардлагатай. Зарим нь хэвийн болдог . 34-с доош насны эмэгтэйчүүдэд 80%-д эргэн шимэгддэг. Tүүнээс дээш настай бол 40% эргэн шимэгдэнэ.

Цэвэршсэн эмэгтэйд эсийн өөрчлөлт нь дааврын хэмжээнээс шалтгаалсан байж болно.

 

Кольпоскопи хийлгэх заалттай.

6 сарын дараа Пап сорилыг давтаж болно.

Эсийн өөрчлөлтийн шалтгааныг тодруулах үүднээс хэдэн долоо хоногийн турш эстрогентой тос түрхэхийг эмч зөвлөж болно.

HSIL(high-grade squamous intraepithelial lesion)

 

Дунд болон хүнд хэлбэрийн дисплази

Байран өмөн

Булчирхайлаг хавдар

CIN 2 буюу CIN 3

Эдгээр нь илүү хүнд өөрчлөлт боловч хараахан хавдар биш. Гэхдээ энэ нь эргэн шимэгдэнэ эсвэл даамжирна гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Та хавдар тусах эрсдэлтэй. Кольпоскопи хийлгэх заалттай.

6 сарын дараа Пап сорилыг давтаж болно.

 

Хaвтгай хучуур эсийн хавдар Энэ нь хавдрын эс байгааг заана. Яаралтай кольпоскопи хийлгэх заалттай.

 

Урьдчилан сэргийлэлт

Эрсдэлт хүчин зүйлийг арилгах буюу багасгаснаар бие махбодийн хамгаалах тогтолцоо хэвийн ажиллах нь гол сэргийлэлт. Пап сорил нь зөвхөн илрүүлэх сорил. Үүгээр өөрчлөлт эхэлснийг заана. Умайн хүзүүний хавдартай олонх эмэгтэй хэзээ ч Пап сорил өгч үзээгүй байдаг.

Таны эрүүл мэнд, түүнчлэн умайн хүзүүнд нөлөөлөх олон зүйл байдаг:

  • Амьдралын хэв маяг
  • Дархлалын тогтолцоо
  • Tамхидалт (идэвхтэй болон идэвхгүй)
  • Стресс
  • Хооллолт

Амьдралын ямар хэв маяг умайн хүзүүний өөрчлөлтийг үүсгэдэг вэ?

Эмэгтэйн умайн хүзүүний эсийн өсөлт нь шилжилтийн нас, анхны жирэмслэлт, төрсний дараах хэд хоногт маш эмзэг байдаг. Пап сорилын явцад эмч хавтгай болон бортгон эсийн зааг дээрээс сорьцыг авдаг. Ө.х умайн хүзүүний энэ хэсэг нь  үтрээ болон умайн эсүүдийн уулзвар юм. Энэ уулзвар умайндаа байх тусмаа эс нь хамгаалагдсан байдаг бол үтрээ рүүгээ гадагш тэлэх нь өөрчлөлт болон хавдарт өртөх бололцоог нөхцөлдүүлдэг.

Эрэгтэй ба эмэгтэй бэлгэвчийг хэрэглэх нь

Бэлгэвч нь БЗХ дамжих замыг хаадаг ч эмэгтэй бэлгэвч нь үтрээн дотор тал, уруулыг бүрэн хаадаг тул хүний папилома вирус болон бусад БЗХ дамжихаас сэргийлэхдээ ердийн бэлгэвчээс давуутай. Нян байж болзошгүйгээс секс тоглоом болон гарандаа бээлий өмсөх, бэлгэвч углах нь зүйтэй. Зарим судалгаанд нөхөр нь 3-6 сарын турш бэлгэвчтэй ойртсоны дараа Пап сорилын өөрчлөлт (CIN 1 and CIN2) бa HPV арилсан тухай мэдээлжээ.

Дархлалын тогтолцоо умайн хүзүүнд яаж нөлөөлдөг вэ?

Дархлалын эрүүл тогтолцоо нь HPV-г устгах гол чадамж. Өөртөө сайн анхаар. Хангалттай унт, сайн хоолло. Дархлал дэмждэг ургамал, нэмэлт хүнс, амин дэм хэрэглэж болно.

Дараах шинж тэмдэг илэрсэн бол таны дархлал суларсан байж болзошгүй:

  • ДОХ
  • Архаг сульдлын хам шинж
  • Стеройд болон КС-н хэрэглээ
  • Эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний диализд ордог,
  • Хими эмчилгээ хийлгэж байсан

Тамхидалт

Тамхидалт нь умайн хүзүүний хавдартай шууд холбоотой. Тамхи татдаг эмэгтэйн умайн хүзүүний салстад никотин болон бусад бодисууд хуримтлагддаг. Тамхи татдаг, HPV халдвартай эмэгтэйд тамхи татдаггүй эмэгтэйг бодвол умайн хүзүүний хавдрын өөрчлөлт илүү илэрдэг. Идэвхгүй тамхидалт ч бас нөлөөлнө.

Та тамхи татдаг уу? Тамхиа хаяхыг хичээ. Зарим эмэгтэй стрессээ тайлахын тулд татдаг. Тэгвэл стрессээс гарах өөр арга сүвэгчил. Тамхидалттай орчноос зайлсхий.

Стрессийн эсрэг би юу хийж чадах вэ?

Бидний амьдрал- өдөр тутмын стресст хүргэдэг. Бусдаас илүү хүнд санагдах нь ч бий. Амьдралын сөрөг үйл явдлын дараа зарим эмэгтэйд Пап сорил өөрчлөлттэй гарах нь бий. Стрессыг давж гарах зарим аргууд:

  • Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ ярилц
  • Эмчтэйгээ ярилц
  • Стрессээс гарах, амрах техникт суралц

Хооллолт умайн хүзүүнд хэрхэн нөлөөлөх вэ?

Тэжээллэг хоол хүнс, ялангуяа стресс ихтэй үедээ идэх нь сайн. Зарим хоол хүнс нь умайн хүзүү болон дархлалын тогтолцоонд эерэг нөлөөтэй аминдэм агуулдаг:

  • Бета-каротин  ( шар, хул шар өнгөтэй ногоо, жимс- лууван)
  • Фолийн хүчил (хaр ногоон навчит ургамал, аспарагус)
  • С аминдэм
  • Е аминдэм
  • Ликопин (улаан лоолийн нухаш, шийгуа, бэрсүүт жүрж)

Идэж буй хоол хүнсээрээ аминдэмээ олж авах нь чухал. Хэрэв таны Пап сорил өөрчлөлттэй бол нэмэлт аминдэм хэрэглэж болно.