Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

ШАР БИЕИЙН ДААВАР (LH)

a

ШАР БИЕИЙН ДААВАР (LH)

Шар биеийн даавар нь бэлгийн дааврын нэг бөгөөд өнчин тархинаас ялгардаг. Эмэгтэйчүүдийн өндгөвч, эрэгтэйчүүдийн төмсөгний үйл ажиллагаанд оролцдог.

ШАР БИЕИЙН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Шар биеийн дааврын шинжилгээг дараах тохиолдолд өгнө. Үүнд:

  • Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүд
  • Биений юмны мөчлөг алдагдсан эсвэл ирэхгүй байгаа үед
  • Цэвэршилт явагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор
  • Тестостероны хэмжээ бага эрэгтэйчүүд (булчингийн масс алдагдах, бэлгийн дур хүсэл буурах)
  • Өнчин тархины эмгэг

Дааврын өөрчлөлтөөс үүдэн өнчин тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах үед илрэх шинж тэмдэг:

  • Амархан ядрах
  • Шалтгаангүйгээр турах
  • Сульдах
  • Хоолны дуршил буурах
  • Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн бэлгийн бойжилт нь хэт эрт эсвэл хэт орой явагдах

Биений юмны мөчлөг болон цэвэршилт

Биений юмны мөчлөг алдагдсан үед шалтгааныг илрүүлэх зорилгоор цусан дахь LH-ийг шинжлүүлэхээс гадна цэвэршилтийн үед LH-ийн хэмжээ өндөр байдаг. Энэ нь өндгөн эс ялгарах үйл ажиллагаа зогссонтой холбоотой.

Үргүйдэл

Эмэгтэйчүүдийн хувьд өндгөн эс ялгарахгүй байх нь LH-тай холбоотой бол эрэгтэйчүүдийн хувьд эр бэлгийн эсийн тоонд нөлөөлдөг. Ингэснээр үргүйдэлд хүргэдэг эрсдэлтэй.

Бэлгийн бойжилт

Эрт болон хожуу үеийн бэлгийн бойжилтыг оношлохолд цусан дахь LH-ийг тодорхойлох нь чухал. LH-ийн хэмжээ цусанд хэт их үед бэлгийн бойжилт эрт явагддаг бол хэт бага үед бэлгийн бойжилт хожуу илэрдэг.

Бэлгийн бойжилт эрт явагдаж байгаа шинжүүд:

  • Биений юм ирэх
  • Хөхний хөгжил эрт илрэх
  • Суга, бэлэг эрхтэний үс ургах
  • Төмсөг, бэлэг эрхтэний хөгжил

Жирэмслэлт

Жирэмслэхээр төлөвлөж байгаа үед өндгөн эс ялгарч байгаа эсэхийг шээсэн дэх LH-ийн хэмжээгээр тогтоодог. LH-ийн хэмжээ ихсэх үед өндгөн эс ялгарч эхэлдэг бөгөөд энэ нь 1-2 өдөр үргэлжилдэг үйл явц. Жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүс гэрийн нөхцөлд тестээр илрүүлэх боломжтой байдаг.

LH-ийн хэмжээ биений юмны мөчлөгтэй холбоотойгоор  харилцан адилгүй гардаг тул шинжилгээг давтах тохиолдол бий. Нарийвчилсан хариу авахын тулд шинжилгээг хэд хэдэн удаа давтаж өгдөг.

Түүнчлэн зарим тохиолдолд шар биеийн дааврыг (LH) фолликул сэдээгч даавар (FSH) -тай хамт шалгах тохиолдол гардаг.

Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байвал хяналтын эмч LH дааврыг хэд хэдэн удаа шинжлүүлж өндгөн эс ялгарах процессыг шалгадаг. Өөрөөр хэлбэл өндгөн эс ялгарах үед LH дааврын хэмжээ ихэсдэг.

ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Шинжилгээг эмчийн заавраар өгөхдөө эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд түүнийгээ зайлшгүй хэлнэ. Эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэх эм болон бусад дааврын гаралтай эмийг хэрэглэж байгаа тохиолдолд шинжилгээ өгөхөөс 4 долоо хоногийн өмнө зогсоох шаардлагатай. Түүнчлэн сүүлийн биений юм ирсэн хугацааг сайтар мэдэж байх хэрэгтэй.

LH-ийн шинжилгээг өлөн, тайван үедээ өгдөг. Хэт ягаан туяаны оношлогоонд орсон бол түүнийгээ зайлшгүй эмчдээ хэлээрэй.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ

Шинжилгээний лавламж хэмжээ нь тухайн лабораторид ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж болон оношлуураас хамаараад өөр өөр байдаг. Дараах холбоосоор орж Оношмед Лабораторийн лавламж хэмжээг харна уу.
http://www.onoshmed.mn/services/reference/

ДААВРЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС

ЭМЭГТЭЙЧҮҮД

LH болон FSH хэмжээ өндөр байх нь өндгөвчний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Цусан дахь хэмжээ өндөр гарах нь дараах шалтгаантай байж болно:

  • Өндгөвчний хөгжил дутуу явагдсан
  • Тернерийн синдром буюу генийн гажиг
  • Хэт ягаан туяаны хор
  • Химийн эмчилгээ
  • Аутоиммунный эмгэг
  • Өндгөвчний хорт хавдар
  • Бамбайн эсвэл бөөрний дээд булчирхайн өвчин
  • Өндгөвчинд олон тооны уйланхай үүссэн үед

Харин эсрэгээрээ хэвийн хэмжээнээс бага байх нь өндгөвчний хоёрдогч эмгэгийг үүсгэдэг. Энэ нь биеийн өөр хэсгээс үүдэн өндгөвчний үйл ажиллагаа саатаж байгааг илтгэдэг. Ихэнх тохиолдолд тархи тэр дундаа өнчин тархинаас үүдэж дааврын тэнцвэрт байдал алдагддаг.

ЭРЭГТЭЙЧҮҮД

Хэрэв эрэгтэй хүнд LH-ийн хэмжээ өндөр байвал төмсөгний анхдагч эмгэгийг харуулдаг. LH-ийн хэмжээ өндөр байх шалтгаан:

  • Хромосомын гажиг (Клайнфельтерийн синдром)
  • Төмсөгний буруу хөгжил
  • Гахайн хавдар
  • Гэмтэл
  • Химийн эмчилгээ хийлгүүлж байсан эсэх
  • Аутоиммунный эмгэг
  • Хоргүй хавдар

Төмсөгний хоёрдогч эмгэг нь мөн адил тархитай буюу ялангуяа гипоталамустай холбоотой. Үүнээс гадна GnRH тариулахад LH-ийн хэмжээ буурч хэвийн хэмжээндээ хүрч тогтмол байвал өнчин тархинаас үүдэлтэй эмгэг байх магадлалтай. Насанд хүрсэн эрэгтэй хүний LH хэмжээ бага байх нь тестостероны хэмжээг давхар бууруулдаг сөрөг талтай.  Ингэснээр дараах эмгэгүүд үүсдэг. Үүнд:

  • Бэлгийн үйл ажиллагааны хямрал
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Ядаргаа

ХҮҮХДҮҮД

Өмнө нь дурьдсанчлан LH хэмжээ хүүхдийн цусанд өндөр байх нь бэлгийн бойжилт эрт явагдах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл эрт үеийн бэлгийн бойжилт. Америкийн Нэгдсэн Улсын Эмнэлзүйн Химийн Нийгэмлэгийн мэдээлснээр хөвгүүдээс илүүтэйгээр охидуудад эрт бэлгийн бойжилт ихээр явагддаг гэжээ. Дараах шалтгааны улмаас бэлгийн бойжилт эрт явагддаг. Үүнд:

  • Төв мэдрийн системд үүссэн хавдар
  • Тархины гэмтэл
  • Төв мэдрийн системийн халдвар эсвэл үрэвсэл. Жишээ нь менингит эсвэл энцефалит
  • Тархины хагалгаа
  • Тархины туяа эмчилгээ.

Доорх эмгэгээс үүдэн LH хэмжээ хэвийн эсвэл бага байх үед үүсдэг хожуу бэлгийн бойжилт.

  • Өндгөвч эсвэл төмсөгний саатал
  • Дааврын дутагдал
  • Тернерийн синдром
  • Клайнфельтерийн синдром
  • Архаг халдвар
  • Хорт хавдар
  • Буруу хооллолт