Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Томуугийн талаар дэлгэрэнгүй

Томуугийн талаар дэлгэрэнгүй

Томуу нь инфлюнза вирусээр (томуугийн) үүсгэгддэг өндөр халдвартай, амархан тархдаг, түгээмэл тохиолддог өвчин юм. Хүнд халдварлаж, өвчин үүсгэдэг инфлюнза А, В, С  гэсэн 3 төрлийн вирус байдаг. Хүмүүс жилийн аль ч улиралд томуугийн халдвар авч болох ч дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн дэгдэлт намрын сүүлээс хаврын эхэн үед хамгийн өндөр байдаг. Томуугийн дэгдэлтийн хамгийн идэвхтэй үе нь 12-3 сарын хооронд байна. Бүх насныхан томуугаар өвчлөх эрсдэлтэй ч хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг дархлаа султай хүмүүст илүү хүнд тусна.

Томуугийн шалтгаан

Томуугийн вирус хоорондоо ялгаатай маш олон төрөл байх бөгөөд вирус нь байнга мутацид орж өөрчлөгддөг учир хүмүүс жил бүр томуугаар өвчилдөг. Ханиаж, найтаахад ам, хамарт байсан томуугийн вирус агуулсан дусал агаарт цацагдаж, халдвар бусад хүмүүст дамжина. Мөн томуугийн халдвартай хүний биенд хүрэлцэх, (гар барих, тэврэлдэх) шүлс (үнсэх, ууж буй зүйлээ хуваалцах) болон бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар болон нүдэндээ бохир гараар хүрснээр вирус дамжина. Шинж тэмдэг нь томуугийн халдвар авсны дараа өдрөөс эхлэн 5 хүртэлх хоног илэрч болох тул та өөрөө ч мэдэлгүй томуугийн халдварыг бусдад тараах эрсдэлтэй юм.  Томуу нь 4, 5 хоногийн дотор эдгэх боловч шинж тэмдэг нь 2-7 хоног үргэлжлэн илэрч болно.

Инфлюнза А

Инфлюнза буюу томуугийн вирус нь хоорондоо ялгаатай хэдэн зуун омогтой ч  А, В, С гэсэн үндсэн гурван омог болгон ангилдаг ба тогтмол мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг. Эдгээрээс инфлюнза А нь хүний томууг хамгийн түгээмэл үүсгэнэ. Бүх инфлюнза А вирус Н болон N гэсэн дэд төрөлд хуваагддаг. Инфлюнза А-ийн 16 Н, 9 N дэд төрөл байх боловч эдгээрийн зөвхөн 3-н хослол нь хүнд хамгийн халдвартай томуу өвчин үүсгэнэ. Бусад хослол нь өөр зүйлийн амьтдад (шувуу, гахай г.м) халдвар тараах боловч хүний томуу өвчний шалтгаан болох нь харьцангуй бага байдаг. Бараг бүх томуугийн дэгдэлтийг үүсгэдэг нь H1N1, H2N2, H3N2 хослолууд юм. Эдгээр дэд омог нь жил бүр мутацид орж өөрчлөгдөж байдаг учир тухайн вирусийн эзэн организм, (гахай, шувуу г.м) анх бүртгэгдсэн газарзүйн бүс (Хонг Конг, Алберта г.м), илэрсэн жилээрээ мөн нэрлэгддэг.

Жишээ нь:  A/duck/Alberta/35/76 (H1N1)- Энэ нь Канадын Албертад 1976 онд үүссэн 35-р омгийн шувууны вирус болохыг зааж байна.

Томуугийн үед илрэх зарим шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдэгтэй төстэй. Дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Ханиах
  • Хамар битүүрч, нус гоожих
  • Нүд загатнах, нулимс цийлэгнэх
  • Хоолой өвдөх
  • Ядарч сульдах
  • Бага хэмтэй халуурах

Ханиад болон томууг илрэх шинж тэмдгээр нь ялгахад хүндрэлтэй ч ханиад эхлэхдээ арай хөнгөн эхэлж цаашид аажим хүндрэх хандлагатай. Харин томуугийн үед шинж тэмдэг нь бүгд нэг дор илэрч өдөр тутмын ажлаа хийхэд ч хүндрэлтэй болдог.

Томуугийн үед түгээмэл илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Бие хөндүүрлэх (янгинаж өвдөх)
  • Хэт ядрах

Томуугийн вакцины ач холбогдол

Томуугийн вакцин нь инфлюнза А вирусын 2, инфлюнза В-ийн 1 эсвэл 2 омгийг агуулсан байдаг. Инфлюнза В вирус нь улирлын томуугийн дэгдэлт үүсгэх нь инфлюнза А-тай харьцуулахад бага. Улирлын томуугаас урьдчилан сэргийлэх  зорилгоор судалгааны үндсэн дээр тухайн жилд инфлюнза В-ийн томуу үүсгэх өндөр магадлалтай гэсэн 1 эсвэл 2 омгийг сонгон вакцин хийдэг. Тухайн жилийн бүх төрлийн томуугийн вакцинд агуулагдах вирусын омог нь ижилхэн байдаг бөгөөд жил жилд өөрчлөгдөж болно. Томуугийн вирус нь тогтмол мутацид орж өөрчлөгддөг учир вакцин нь томуугаас 100% урьдчилан сэргийлж чадахгүй.

Эмчилгээ

Томуугийн эсрэг өвөрмөц эмчилгээ гэж байхгүй. Вирусын эсрэг үйлдэлтэй зарим эмийг өвчний хугацааг богиносгож, хурдан эдгээх зорилгоор хэрэглэнэ. Тамифлу нь томуугийн шинж тэмдэг илэрсэн эхний 48 цагийн дотор үр дүнтэй хэдий ч тухайн өвчтөнд тохирох эсэхийг эмч шийднэ. Хэрэв та томуу туссан бол өөртөө сайн анхаарч, сайн унтаж амран, хангалттай хэмжээний шингэн зүйл ууж бусад хүмүүст томуугийн вирус дамжуулахаас сэргийлэх хэрэгтэй.

Амьсгалын замын синцитиаль вирусын халдвар

Амьсгалын замын синцитиаль вирус нь уушги болон, амьсгалын замд халдварлах ба уг вирусийн халдвар нь 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд нилээн түгээмэл байдаг. Насанд хүрэгчид, ахмад настан болон харьцангуй эрүүл хүүхдэд шинж тэмдэг хөнгөн илэрнэ. Дутуу төрсөн нярай, хэт өндөр настай хүмүүс, уушги, зүрхний эмгэгтэй дархлааны тогтолцоо сул хүмүүст хүнд болон хүндэвтэр халдвар үүсгэж болно.

Илрэх шинж тэмдэг

Шинж тэмдэг нь ихэвчлэн вирусын халдвар авснаас 4-6 хоногийн дараагаас илрэх ба хөнгөн ханиадтай төстэй доорх шинж тэмдгүүд илэрнэ:

  • Хамар битүүрч, нус гоожих
  • Хий ханиалгах
  • Бага хэмтэй халуурах
  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх зэрэг орно.

Халдвар дамжих зам нь ханиад, томуутай ижил агаар дуслын замаар дамжих бөгөөд ихэнх тохиолдолд 1-2 долоо хоногийн дотор гүйцэд эдгэдэг. Мөн вирусийн халдвартай хүний биед хүрэлцэх, (гар барих, тэврэлдэх) шүлс (үнсэх, ууж буй зүйлээ хуваалцах) болон бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар болон нүдэндээ бохир гараар хүрснээр вирус дамжина.

Зарим тохиолдолд доорх хүндрэлүүд гарч болно:

  • Эмнэлэгт хэвтэх
  • Уушгины хатгалгаа
  • Дунд чихний үрэвсэл
  • Астма
  • Дахин халдварлах