Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Гепатит вирусийн халдварын тухай ерөнхий мэдээлэл

Гепатит вирусийн халдварын тухай ерөнхий мэдээлэл

Гепатит гэж юу вэ?

Хэрэв танд лабораторийн шинжилгээгээр гепатитийн халдвартай гэсэн хариу гарсан бол юуны өмнө ямар төрлийн халдвар гэдгийг тодорхой мэдэх шаардлагатай. 5 төрлийн гепатитийн халдвар байх бөгөөд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Гепатитийн халдварын нийтлэг шинж нь элгийг үрэвсүүлж, гэмтээдэг.

Гепатитийн төрлүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Гепатитийн халдварын төрөл нь үүсгэгч вирусийн төрлөөс шалтгаалах бөгөөд өвчний хүндрэл болон үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг.

Гепатит А: Вирусийн халдвартай хоол хүнс, шингэнээр дамжин халдвар тархдаг. Гепатитийн халдваруудаас хамгийн хөнөөл багатай нь бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө аяндаа эдгэдэг. Элгэнд урт хугацааны үрэвсэл үүсгэдэггүй. 2 сарын хугацаанд бүрэн эдгэрдэг.

Гепатит А-ийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүндэрч, эмнэлгийн тусламж авах шаардлага тулгардаг. Гепатит А-ийн халдвараас сэргийлэх вакцин бий.

Гепатит В: Хэд хэдэн замаар дамжин халдварладаг. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох, бохир зүү, тариураар халдвар тархана. Мөн халдвартай ээжээс төрөх үед хүүхдэд халдвар дамжих эрсдэлтэй. 

Гепатит В-ийн халдвартай насанд хүрэгчид ихэвчлэн 6 сарын хугацаанд биеийн байдал сайжрах боловч цөөн тооны зарим хүмүүс вирусийн халдвараас бүрэн ангижирч чадалгүй, тээгч хэвээр үлдэж, өөрт нь шинж тэмдэг илрэхгүй ч бусдад халдвар дамжуулах боломжтой байдаг. Гепатит В-ийн эсрэг вакцин хийлгэснээр халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Гепатит С: Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, шивээсний хэрэгслээр дамжин халдвар авах эрсдэлтэй.

Ихэнх тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй эсвэл хөнгөн илэрч болно. Гэвч зарим тохиолдолд элгийг гэмтээж, хатуурал үүсгэдэг. Халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувьд нь урт хугацааны элэгний үрэвсэл явагддаг. Гепатит С-ийн халдвараас сэргийлэх вакцин байхгүй.

Гепатит D: Гепатит D-ийн халдвартай хүмүүс л Гепатит D-ийн халдвараар өвчилдөг. Гепатит D-ийн халдвар нь өвчнийг улам хүндрүүлнэ. Гепатит D-ийн халдвар эхээс хүүхдэд мөн бэлгийн замаар дамжина.

Гепатит Е: Ази, Мексик, Энэтхэг, Африкийн орнуудад тархалт өндөр. Гепатит А-тай адил вирусийн халдвартай хоол хүнс, шингэнээр дамжин халдварлана.

Гепатитийн халдварын түгээмэл шинж тэмдэг

Гепатитийн халдварын үед дараах шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг ч вирусийн төрлөөс шалтгаалж ялгаатай эмчилгээ хийгдэнэ: 

  • Шээс бараан өнгөтэй болох
  • Хэвлийгээр өвдөх
  • Арьс, нүдний салст шарлах
  • Цайвар өнгийн өтгөн гарах
  • Бага зэрэг халуурах
  • Хоолны дуршил буурах
  • Ядарч сульдах
  • Гэдэс вдөх, зовиурлах
  • Шим тэжээлийн дутагдал

Гепатит В-ийн халдварын үед үе мөч өвдөх шинж тэмдэг илэрч болно. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандаарай.

Гепатитийн халдвартай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Гепатит А,В,С зэрэг вирусийн халдварыг цусны шинжилгээ болон шинж тэмдэг, бодит үзлэгээр оношлоно. Зарим тохиолдол элэгний өөрчлөлт, гэмтлийг тодорхойлох зорилгоор дүрс оношлогоо болон элэгний биопси шинжилгээ хийдэг.

Гепатит бүрэн эмчлэгдэх үү?

Гепатит А-ийн халдвар авсан үед тусгайлсан эмчилгээ хийлгүйгээр эмч элэгний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгадаг.

Удаан хугацаанд үргэлжилсэн Гепатит В-ийн халдварын үед уудаг хэд хэдэн төрлийн вирусийн эсрэг эмүүд бий. Манай улсад В вирусийн эсрэг “Ламивудин”, “Тенофовир”, “Телбивиудин”, “Рибавирин”, “Интерферон” гэсэн 5 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй эмийн жагсаалтанд оруулсан байдаг.

Гепатит С вирусийн хувьд пег-интерферон альфа болон Рибавирин эмүүдийг хавсарч уух нь зарим хүнд үр дүнтэй эмчилгээ болдог. Гэвч уг эмчилгээ нь хүнд хэлбэрийн цус багадалт, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Одоогийн байдлаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Харвони, Ледвир, Ледифос, Гепсинат-Эл Пи, Вирпас гэсэн 5 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлж байна.

Бид дараа дараагийн цуврал нийтлэлдээ дээр дурдсан гипатит вирусийн халдваруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно.