Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Жирэмсний даавар буюу Хүний Хорионы Гонадотропин (HCG-ХГ)

Жирэмсний даавар буюу Хүний Хорионы Гонадотропин (HCG-ХГ)

Хүний хорионы гонадотропин (ХГ) нь жирэмсэн үед ялгардаг даавар бөгөөд цус, шээсэнд шинжилдэг. Гэхдээ цус болон шээсэнд шинжилж буй шинжилгээний хооронд бодит ялгаа байдаг. Шээсэнд ХГ тодорхойлж байгаа тохиолдолд хэдэн цагийн шээсээр үзсэн, мөн дегидраци зэрэг нөлөөлөх магадлалтай байдаг. Гэрийн нөхцөлд шээсэнд дүрж ашигладаг түргэвчилсэн тестүүд нь шээсэнд ХГ илрүүлэх зориулалттай. Харин цусанд ХГ шинжлүүлж байгаа тохиолдолд илүү найдвартай хариу гарна.

Хүний хорионы гонадотропин (ХГ) даавар гэж юу вэ ?

Жирэмсэн үед хөгжиж буй ихсээс ХГ ялгарч эхэлдэг. Ихэс нь үр тогтсон өндгөн эсийг тэжээлийн бодисоор хангадаг гол эх үүсвэр юм.

Үр тогтсоноос хойш 11 өдрийн дараа цусанд ХГ тодорхойлогддог. ХГ хэмжээ нь цаг тутамд хоёр дахин нэмэгддэг. Хамгийн өндөр цэг нь үр тогтсоноос хойш 8-11 долоо хоногийн дараа тодорхойлогддог. Үүний дараагаар хэвийн хэмжээндээ тогтож эхэлдэг.

ХГ шинжилгээ ба жирэмслэлт

Цусан дахь ХГ шинжилгээний ач холбогдол:

  • Жирэмслэлт
  • Ургийн хэмжээ
  • Умайн гадуурх жирэмслэлт
  • Зулбалт
  • Дауны синдром зэргийг тодорхойлно.

Зарим тохиолдолд жирэмсэн эх ямар нэгэн эмчилгээнд орох үед эмчилгээний өмнө ХГ өгч ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэхийг хянах зорилгоор хийдэг. Жишээ нь рентген зураг авахуулахын өмнө ХГ өгдөг. Жирэмсэн үгүйгээ мэдэхгүйгээр туяа оношилгоонд орох нь сөрөг нөлөөтэйг анхаарна уу.

Жирэмслэлтийг тодорхойлохоос гадна ХГ шинжилгээ ямар зорилгоор өгдөг вэ?

Бета ХГ (Beta hCG) өөрөө хорт хавдрын маркер болдог. Өөрөөр хэлбэл зарим хорт хавдрыг хянах болон тодорхойлох, оношлоход цусанд нь илрүүлдэг.

ХГ -ээр дараах хорт хавдрыг илрүүлэх боломжтой. Үүнд:

  • Үтрээний хорт хавдар болон хориокарцинома
  • Уушиг
  • Хөх
  • Өндгөвчний хорт хавдар

Хоргүй хавдар болох цирроз, гэдэсний үрэвслийн үед ХГ ихэсдэг. Иймд эмчлэгч эмч эцсийн онош тавих болон өвчний шалтгааныг илрүүлэхийн тулд тус шинжилгээнд илгээдэг.

ЭРЭГТЭЙЧҮҮД БА ХГ

Эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдэд ХГ шинжилгээ өгөх шаардлага гардаг. ХГ шинжилгээгээр төмсөгний хорт хавдрыг илрүүлэх боломжтой. Хэрэв аль нэг төмсгөнд зангирал илрэх, эсвэл төмсөгний хорт хавдрын шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд ХГ өгдөг. Хэрэв эрэгтэй хүний цусанд ХГ илэрвэл цаашид нарийн шинжилгээ хийж ямар шалтгааны улмаас ихсэж байгааг нь нарийвчлан тодорхойлох шаардлагатай.

Цусанд ХГ шинжлүүлэхэд өлөн байх шаардлагагүй, өдрийн аль ч цагт өгөх боломжтой.  

Цусанд ХГ тодорхойлсон шинжилгээний үр дүн юуг хэлдэг вэ?

Цусан дахь ХГ олон улсын хэмжил зүйн дагуу mIU/mL-ээр хэмжигддэг. Австралийн засгийн газрын Жирэмслэлт, Төрөлт болон Хүүхдийн сангаас гаргасан сүүлийн сарын тэмдгээс хойших үеийн ХГ хэмжээг долоо хоногоор нь харуулсан болно.

Долоо хоног ХГ хэвийн хэмжээ (mlU/mL)
4 0–750
5 200–7,000
6 200–32,000
7 3,000–160,000
8–12 32,000–210,000
13–16 9,000–210,000
16–29 1,400–53,000
29–41 940–60,000

Жирэмсэн биш эмэгтэй хүний ХГ хэмжээ 10.0 mIU/mL – ээс бага байх ёстой.

Жирэмсэн үеийн ХГ хэвийн хэмжээнээсээ ихэссэн эсвэл багассан бол эмчлэгч эмч бусад оношийн тусламжтайгаар эцсийн дүгнэлтийг гаргадаг.

ХГ дараах тохиолдолд хэвийн хэмжээнээс бага байдаг:

  • Жирэмсний хугацааг буруу тооцоолсон
  • Зулбалт эсвэл өсөлтгүй жирэмслэлт
  • Умайн гадуурх жирэмслэлт

ХГ хэвийн хэмжээнээс их байх үед илрэх эмгэг:

  • Жирэмсний хугацааг буруу тооцоолох
  • Умайн хорт хавдар
  • 2 ба түүнээс дээш ихэр хүүхэд тээж байгаа тохиолдолд.

ХГ шинжилгээ баталгаатай юу?

Ямар ч тохиолдолд шинжилгээ бүр 100 хувь үнэн зөв байдаггүй. Зарим тохиолдолд дотоод болон гадаад хүчин зүйлээс хамаарч хуурамч сөрөг, хуурамч эерэг хариу гарах тохиолдолд байдаг. Энэ нь ямар аргаар, ямар оношлуур хэрэглэж байгаагаас хамааралтай.

ХГ агуулсан эмийн бэлдмэл нь шинжилгээний хариунд нөлөөлдөг. Жишээ нь үргүйдлийн Profasi, Pregnyl болон Pergonal зэрэг эм ордог. Марихуан нь ХГ хэмжээг ихэсгэдэг. Түүнчлэн нөхөн үржихүйн эрхтэний хорт хавдраас хамаардаг. Жирэмсэн биш боловч цусанд ХГ-ийн хэмжээ их байвал болзошгүй хорт хавдрыг илрүүлэх зорилгоор эмч нэмэлт шинжилгээ авна.

Эмчтэйгээ зөвшилцөх

Хэрэв та жирэмсэн бөгөөд ХГ хариу хэвийн хэмжээнээсээ их эсвэл бага байвал сандрах шаардлагагүй. ХГ нь хэвийн хэмжээнээсээ бага байх үед хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Зургаан долоо хоног дээр нь хэт авиан оношлогоо  хийлгүүлж ХГ шинжилгээг бататгадаг.

ХГ хэмжээ хэлбэлздэг бөгөөд эмчлэгч эмчийн хяналтанд байхыг анхаарна уу. Эмчлэгч эмч ямар нэгэн асуудал гарсан үед ХГ дахин өгөх зөвлөмж өгдөг.