Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

HBV, HCV давхар халдвар

HBV, HCV давхар халдвар

Элэгний вирусийн харилцан үйлчлэл, менежмент болон вирусийн дахин идэвхжил

Элэгний В болон С вирусийн халдвар нь элэгний өвчлөлийн тэргүүлэх шалтгаан юм.  ДЭМБ-ийн мэдээгээр дэлхий дахинд нийт 250 сая илүү хүн HBV-ийн халдвартай бол 70 сая илүү хүн HCV-ийн халдвартай байна. Эдгээр элэгний вирус нь элэгний эсийн дотор үржих ижил онцлогтой ч, вирусийн амьдралын мөчлөгийн хувьд өөр юм. Тодруулбал HBV нь ДНХ агуулсан бөгөөд эсийн бөөмд удмын мэдээллээ олшруулах бол, HCV нь РНХ агуулсан бөгөөд элэгний эсийн цитоплазмд үржлээ явуулдаг. Гэхдээ, аль ч вирус нь үржлийн завсрын бүрдлүүдийг үүсгэх бөгөөд тэдгээр нь хоорондоо харилцан үйлчлэн вирусийн илэрц, түүний шинж тэмдэгийг өөрчилдөг байна. 

Давхар халдвар гэдэг нь нэг эзэнд (өвчтөнд) хоёр буюу түүнээс дээш идэвхитэй үржил бүхий вирус халдварласныг хэлнэ. 

Дараах хоёр замаар HBV, HCV давхар халдварладаг. Цус цусан бүтээгдэхүүн, зүү тариур /судсаар хар тамхи хэрэглэх зэрэг/ болон вирус нэг зэрэг халдварлах. Үүнээс гадна суперинфекци буюу нэг вирусийн халдварын сууринд нөгөө вирус халдварлах байдлаар ч үүсч болдог бөгөөд эмнэлзүйд элбэг тохиолддог. Эмнэлзүйд аль нэг вирусийн халдвар нь нөгөөгөөс илүү доминант (давамгайлсан) байдаг. Энэ нь давхар халдварын үед нэг вирусийн үржил нь нөгөө вирусийн үржлийг сааруулдагтай холбоотой.

Давхар болон дан халдварын ялгаа

Давхар халдварын үед цусаар эргэлддэг эсрэг төрөгчийн хэмжээ дан халдвартай харьцуулахад бага тодорхойлогдох боломжтой. Тухайлбал, 

HCV-RNA 

  • дан халдварын үед – 750,000 IU/mL
  • давхар халдварын үед дунджаар – 415,000 IU/mL. 

HBV-DNA 

  • дан халдварын үед – 850,000 IU/mL 
  • давхар халдварын үед – 143,000 IU/mL байх жишээтэй. 

Үүнээс гадна, давхар халдварын үед вирусийн цэвэршил (viral clearance) илүү хурдан байдаг. Нэгэн судалгаанд 1918 өвчтнийг 6 сарын турш хянаж, элэгний С вирусийн цэвэршил давхар халдварын үед 46.4% харин дан халдварын үед 14.4% нь явагдсан байна. Анхаарахад С вирусийн цэвэршил түргэн явагдаж буй хүмүүст HBV-DNA түвшин өндөр байсан байна.