Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Хоолны хордлогын эрсдэл, хэрхэн сэргийлэх вэ?

Хоолны хордлогын эрсдэл, хэрхэн сэргийлэх вэ?

Идсэн хоолноосоо хордож, өвчлөхийг хэн ч хүсэхгүй. Гэсэн хэдий ч жил бүр олон тооны хүмүүс хоолны хордлогод өртдөг. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан зэрэг дархлааны тогтолцоо сул, өвчлөмтгий хүмүүс хоолны хордлогоор өвчлөх илүү магадлалтай. Мөн түүнчлэн эдгээр хүмүүсийн дунд өвчний хүндрэл илүү их тохиолддог.

Өндөр эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоолны эрүүл ахуйг дадал болгосноор хоолны хордлогоос сэргийлж болно.

Зайлсхийвэл зохих хоол хүнс

Нян, вирус, паразит зэрэг хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд нь зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах магадлал илүү өндөр. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний нэг нь “түүхий” буюу ариутгаагүй сүү болон сүүн бүтээгдэхүүн. Энэ нь сүүнд агуулагдах эмгэг төрөгчдийг устгахын тулд өндөр хэмд буцалгаж, ариутгаагүй гэсэн үг. Мөн түүнчлэн мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндгийг түүхийгээр нь идэхээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угаасны дараа иднэ.

Жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настнууд, дархлаа султай хүмүүс дараах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй:

  • Суши болон бусад төрлийн түүхий далайн гаралтай хүнс
  • Далайн гаралтай утсан бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнийг шарж, болгож хэрэглэхэд аюулгүй.
  • Жимс, ногооны шинэхэн шахсан шүүс. Шүүсийг 1 минут буцалгаж хэрэглэхэд аюулгүй.
  • Түүхий сүүний бяслаг, бусад сүүн бүтээгдэхүүн.
  • Түүхий болон дутуу болгосон өндөг. Гэрийн нөхцөлд өндөгний шарыг бүрэн болгож иднэ.

Хүнсний дэлгүүрээс эрүүл хүнс сонгоход анхаарал зүйлс

Супермаркетаас бүтээгдэхүүн сонгож сагсандаа хийхээс өмнө дараах зүйлсийг анхаараарай:

  • Бүтээгдэхүүний найрлагад түүхий сүү, эсвэл өндөг орсон эсэхийг шалгах. Мөн тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар нягтлах.
  • Хонхойж, гэмтсэн лааз, урагдсан баглаа, боодолтой бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх.
  • Мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахдаа тусд нь гялгар уутанд хийж, бусад хүнсний бүтээгдэхүүнээс тусгаарлах.
  • Хүнсний дэлгүүрээс шууд гэртээ харьж, хөргөгчинд хадгалах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэн даруй хөргөгчинд хийх.

Гал тогоондоо хүнсний аюулгүй байдлыг хэрхэн сахих вэ?

Гэртээ хоол хийхдээ дараах эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж хэвшээрэй:

  • Гараа савандаж, дор хаяж 20 секундын турш угаах. Хоол бэлтгэх явцад нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж дуусаад дараагийн бүтээгдэхүүнийг бэлтгэхээсээ өмнө гараа заавал угаах. Хоол бэлтгэдэг тавцанг байнга цэвэр байлгах.
  • Бүх төрлийн жимс, ногоог угааж хэрэглэх. Хальсыг нь авах байсан ч зайлшгүй угаах шаардлагатай.
  • Түүхий мах, тахианы мах, далайн гаралтай хүнс, түүхий өндөг зэргийг бусад хүнсний бүтээгдэхүүнээс зайтай байлгах. Хэрэв танд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн бол аливаа хүнсний бүтээгдэхүүнд хүрч болохгүй.
  • Хоолыг болгох явцад нян, шимэгчид устдаг. Махыг хангалттай температур хүртэл болгосон эсэхийг шалгахын тулд дулаан хэмжигч ашиглаж болно. Үхэр, гахайн махыг 64 хэм, тахиан махыг 74 хэм болгох нь аюулгүй. 
  • Хөргөгчний хөргүүр хэсгийг 4 хэмээс доош хэмд байлгах хэрэгтэй.

Гадуур хооллоход юуг анхаарах вэ?

Гадуур зоогийн газар хооллосноос гэртээ хоол хийж идэх нь эрүүл ахуйн хувьд хамгийн эрсдэлгүй сонголт. Учир нь гэрийн гал тогоонд бүх зүйл таны хяналтанд байдаг. Гэвч гадуур хооллох тохиолдолд дараах зүйлсийг анхаарвал зохино:

  • Хаана хооллохоо болгоомжтой сонго. Хэрэв тухайн хоолны газар танд бохир санагдвал эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй байж болзошгүй анхны дохио юм. Түргэн хоолны газраар тогтмол үйлчлүүлдэг хүмүүс ходоод гэдэсний асуудалд орох нь түгээмэл.
  • Гамбургер, стейк гэх мэт хоолны махыг бүрэн болгож идэх нь зүйтэй. Стейкны махыг 64 хэмийн халуунд болгоход аюулгүй. Түүхий махтай хоол эрсдэл учруулна.
  • Таны захиалсан хоолонд түүхий эсвэл, дутуу болгосон өндөг орсон эсэхийг анхаараарай.
  • Хэрэв зоогийн газраас үлдсэн хоолоо авч явахаар шийдсэн бол 2 цагийн дотор хөргөгчинд хийнэ.

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Дараах зөвлөгөөг дагаснаар хоолны хордлогын эрсдэлийг бууруулна:

  • Хоолны бэлтгэхийн өмнө тогтмол гараа угаах. Мах, загас бэлтгэсэн гадаргууг савантай халуун усаар угаах.
  • Хөлдүү махыг өрөөний температурт гэсгээж болохгүй. Хөргөгчний хөргүүр хэсэгт хийж аажим гэсгээх, эсвэл богино долгионы зууханд гэсгээж, даруйхан хоолондоо хийнэ.
  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгаж хэвших.
  • Зоогийн газарт хооллох үед дутуу болгосон мах, өндгийг буцааж, бүрэн болгож идэх. Бүрэн болгосон хоолыг өөр тавганд хийхийг хүсэх.
  • Иссэн амт, үнэртэй хоолыг идэхгүй байх. Хонхойсон лааз, хагарсан шилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.
  • Хөргөгчний хөргүүрийн температурыг 4 хэмээс доош байлгаж, хөргөгчнөөс гаргаад 2 цагаас илүү болсон хүнсийг идэж болохгүй.
  • Түүхий мах, тахианы мах, загас, өндөг зэргээс бусад хүнсийг тусд нь хадгалах.
  • Загасны мах худалдаж авахдаа шинэ эсэхийг шалгах.
  • Түүхий мах, тахиа, загасыг хэрчиж бэлтгэдэг тусгай тавцан бэлдэх.
  • Ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх.
  • Жимс, ногоог идэхийн өмнө сайтар угааж хэвших.
  • Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн жимсний шүүс уух.
  • Гэрийн нөхцөлд даршилсан хүнснээс зайлсхийх.
  • Суулгаж, бөөлжих шинж тэмдэг илэрсэн үед хоол бэлтгэхгүй байх.
  • Тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрсний дараа гараа сайтар угаах
  • Эхийн сүү бол нярай хүүхдэд хамгийн тохиромжтой, аюулгүй хүнс. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлдэг.
  • 1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгөхийг хориглоно.