Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Байнга өлсөх мэдрэмж төрүүлдэг 17 шалтгаан

Байнга өлсөх мэдрэмж төрүүлдэг 17 шалтгаан

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг.

Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

1. Хоолны дэглэм барих

Илчлэг бага хоолны дэглэм барьдаг хүмүүст өлсөх мэдрэмж байнгын төрж байж болох юм. Хүний бие илчлэг багатай хоол хэрэглэснээр грелин (ghrelin) даавар ялгарах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл грелинийг өлсөлтийн даавар ч гэж нэрлэдэг ба бие махбодид хоол шаардлагатай үед ходоод уг дааврыг ялгаруулдаг байна. Илчлэг бага хоол хүнс хэрэглэснээр грелиний үүсэлтийг идэвхжүүлж, өлсөх мэдрэмж хүчтэй төрдөг.

2. Сахар ихтэй хоол хүнс

Маш олон хүнсний бүтээгдэхүүн болон уух зүйлс сахарын өндөр агууламжтай байх бөгөөд энэ нь хоолны дуршил нэмэгдэх бас нэгэн шалтгаан болдог. 2015 оны судалгаагаар хэт их сахар, ялангуяа фруктоз хэрэглэснээр хоолны дуршил нэмэгддэг хэмээн дурджээ. Фруктозоор баялаг хоол хүнс нь грелин (ghrelin) дааврыг их хэмжээтэй ялгаруулж болзошгүй ба тархины тодорхой бүсэд нөлөөлж цадаагүй мэдрэмж төрүүлдэг байна. Мөн 2017 онд хийсэн судалгаагаар оролцогчдод фруктозын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэхэд өлсөх мэдрэмж ихэсч байжээ.

3. Уураг багатай хоол хүнс

Зарим судалгаагаар уураг их хэрэглэх нь өлсөх мэдрэмжийг бууруулдаг гэж үзсэн. Жишээ нь, 2015 онд Хятадад өсвөр насны таргалалттай 156 хүүхдэд уургийн агууламж өндөр хоол хүнсний нөлөөллийг судалсан байна. Судлаачид судалгаанд оролцогчдыг тохиолдлоор сонгон гурван сарын турш уургийн агууламж их эсвэл бага өглөөний цай өгчээ. Ингээд судалгаанд оролцогчдыг харьцуулахад уургийн агууламж өндөртэй өглөөний цай хэрэглэсэн бүлэг хангалттай цадаж, өдрийн хоолоо багасгаж жин хассан байна.

АНУ-ын Хоол Тэжээл, Эмийн Холбооноос насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 58гр, эмэгтэй хүн 46гр уураг хэрэглэхийг зөвлөсөн. Хоолтой хамт эсвэл хөнгөн зууштай хамт уураг хэрэглэснээр өдрийн турш хоолны дуршлаа тогтвортой байлгахад тусална.

4. Ус бага хэрэглэх

Зөв зохистой усны хэрэглээ нь хүний бие махбодид маш чухал ач холбогдолтой ба зарим эх сурвалжид ус ууснаар өлсөх мэдрэмжийг бууруулдаг гэсэн байна. Жишээ нь, 2014 онд судлаачид илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн усны хэрэглээний нөлөөллийг судалжээ. Судлаачид оролцогчдод өглөө, өдөр, оройн хоолноос 30 минутын өмнө 0.5 литр ус уулгаж, 8 долоо хоногийн дараа үр дүнг нь харахад оролцогчдын хоолны дуршил болон жин буурсан байна.

5. Эслэг багатай хоол хүнс

Эрүүл хоол боловсруулалтын тогтолцоо болон өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд эслэг агуулсан хоол хүнс чухал ач холбогдолтой. 2016 онд хийсэн судалгаагаар псилиум (psyllium) гэх эслэгийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсийн өлсөх мэдрэмж багассан байна. Мөн 2015 онд хийсэн бас нэгэн судалгаагаар малтодекстрин (maltodextrin) эслэгийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд адилхан үр дүн гарч байжээ.

АНУ-ын Хоол Тэжээл, Эмийн Холбооноос 19-50 насны эрэгтэйчүүд өдөрт 38гр эслэг, 19-50 насны эмэгтэйчүүд өдөрт 25гр эслэг хэрэглэхийг зөвлөж байна.

6. Нойрны эмгэг

Хангалттай нойр авч чадаaгүйгээс биеийн даавруудын тэнцвэрт байдал алдагдаж зарим хүмүүст өлсөх мэдрэмж ихэсдэг байна. Судалгаагаар таргалалт, чихрийн шижин гэх мэт эрүүл мэндийн нөхцөл байдалд нойрны эмгэгийи нөлөө байгааг судалжээ. 2016 онд хийсэн судалгаагаар нойроо хязгаарласан эрэгтэй хүмүүсийн грелин дааврын түвшин өндөр байсан бөгөөд тэд хэвийн унтдаг хүмүүсээс илүү их иддэг байжээ.

7. Уйтгарлах

Зарим хүмүүс уйтгарaa өлсөх мэдрэмжтэй андуурч илүү их идэх шалтгаан болдог. 2015 оны судалгаагаар уйдаж байгаа хүн нь хооллох гэх мэт зан үйлийг эрэлхийлэхэд хүргэдэг гэжээ.

8. Давс ихтэй хоол хүнс

АНУ-ын Зүрх Судасны Нийгэмлэгээс АНУ-ын дундаж хүн ам өдөрт 3,4 гр-аас илүү давсыг боловсруулсан хоол хүнснээс авч байна гэж үзээд өдөрт 2,3 гр-аас ихгүй давс хэрэглэвэл зүйтэй гэж зөвлөсөн. Гэвч насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх давсны тохирсон хэмжээ нь 1,5 гр-аас ихгүй юм. Давсархаг хоол хүнс нь зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна бусад эд эрхтэнд нөлөөлдөг. Судлаачид давсны хэт их хэрэглээ нь их идэх шалтгаан болж байна гэж үзсэн. Жишээлбэл, 2016 оны судалгаагаар хоол хүнсэндээ давс их хэрэглэдэг бүлгийг давс бага хоол хүнс хэрэглэсэн бүлэг хүмүүстэй харьцуулахад илүү их хооллодог байв.

9. Цэвэршилт

Зарим судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд цэвэршилтийн үедээ илүү их жин нэмэх хандлагатай байдаг ба энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой гэж тайлбарлажээ. Цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ буурснаар хоолны дуршил нэмэгддэг хэмээн тайлбарладаг байна.

10. Эмийн хэрэглээ

Зарим эмийн бодисууд биемахбодийн бодисын солилцоо, өлсөх дохио дамжуулалтад нөлөөлдөг. Голчлон сэтгэл гутрал, солиорлын эсрэг эм мөн кортикостериодууд илүү их өлсөх мэдрэмж төрүүлдэг байна. Шинээр эм хэрэглэх үед таны жин нэмэгдэж байгааг ажиглавал эмчтэйгээ зөвлөлдөн тун өөрчлөх эсвэл өөр эмээр солих шаардлагатайг анхаараарай.

11. Лептин (leptin)-ий тэсвэржилт

Лептин гэдэг нь цадсан дохиог тархинд дамжуулдаг даавар бөгөөд ихэвчлэн хоол хүнс идсэний дараа уг дааврын түвшин ихэсдэг. Лептиний тэсвэржилт гэдэг нь бие махбодь лептинд зохистойгоор хариу үйлдэл үзүүлж чадахгүй байна гэсэн үг юм. Ингэснээр хоол хүнс идсэний дараагаар цадсан мэдрэмж төрөхгүй байх шалтгаан болдог. Маш олон илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүс лептиний тэсвэржилттэй байдаг ба энэ нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна.

12. Стресс

Судалгаагаар хоолны дуршил хянах асуудалд стресс хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. 2015 оны судалгаагаар гэрлэлтийн асуудлын улмаас стресст өртсөн хүмүүс илүү тогтвортой гэр бүлтэй хүмүүстэй харьцуулахад грелин дааврын түвшин өндөр, чанар муутай хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

13. Чихэр орлуулагчийн хэрэглээ

Үйлдвэрлэгчид чихэргүй эсвэл чихэр багатай гэсэн бүтээгдэхүүнүүддээ чихэр орлуулагчийг хэрэглэдэг. Эдгээр нь нийт чихрийн хэрэглээг бууруулахад тусалж байгаасч зарим амьтан дээр хийсэн судалгаагаар чихэр орлуулагч нь хоолны дуршлыг улам нэмэгдүүлдэг хэмээн үзжээ.

14. Согтууруулах ундааны хэрэглээ

Согтууруулах төрлийн ундаа нь бидэнд өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг байна. Жишээ нь: 2015 оны судалгаагаар 35 эмэгтэйг хоол идэхээс нь өмнө согтууруулах ундаа хэрэглүүлэхэд тэд хоолны үнэрт илүү мэдрэг болохоос гадна их идэж байсан байна.

15. Хөхөөр хооллох

Хөхүүл эмэгтэйчүүд сүү сайн оруулахад илчлэг их хоол хүнс шаарддаг нь тэдний хоолны дуршил нэмэгдэх шалтгаан болдог. АНУ-ын Эх Барих Эмэгтэйчүүдийн Коллежоос хөхүүл эмэгтэйчүүд өдөрт 450-500 ккал илүү хэрэглэх шаардлагатай хэмээн зөвлөжээ.

16. Бамбайн булчирхайн хэт идэвхжил

Бамбай булчирхай нь хүзүүний урд байрладаг жижигхэн хэмжээтэй булчирхай юм. Энэхүү булчирхай нь бодисын солилцоог хянах болон бие махбодийн дулаан зохицуулдаг дааврыг ялгаруулдаг. Бамбай булчирхай хэт идэвхжих эсвэл томрох үед олон шинж тэмдгүүд илэрдэг ба үүний нэг нь өлсөх шинж тэмдэг юм.

Бамбай булчирхайн томролын бусад шинж тэмдгүүд:

  • Хүзүү хавдах
  • Жин буурах
  • Суулгах
  • Халууцах
  • Бачимдах, стрессдэх, сэтгэл санаа өөрчлөгдөх
  • Ядрах, сульдах
  • Хэт идэвхтэй болох
  • Байнгын шээс хүрэх

Бамбайн томролыг биеийн үзлэг, цусны шинжилгээгээр оношлох ба эмчилгээнд нь эмийн болон радио-иодийн эмчилгээ, бамбай булчирхайн мэс засал ордог.

17. Чихрийн шижингийн 2-р хэлбэр

Байнгын өлсөх мэдрэмж нь чихрийн шижингийн 2-р хэлбэрийн шинж тэмдэг байж болох юм. Эмчилгээ хийгээгүй чихрийн шижингийн үед глюкоз нь эсрүү нэвтрэхгүй цусны урсгалд эргэлдэнэ. Ингэснээр бие махбодид энергийн эх үүсвэр болох глюкоз дутагдаж ядрах болон өлсөх мэдрэмж төрдөг.

Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн бусад шинж тэмдгүүд:

  • Ам цангах
  • Байнгын шээс хүрэх
  • Хараа муудах
  • Шарх, сорив удаан эдгэрэх
  • Шалтгаангүй турах

Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай ба цусны шинжилгээгээр оношилно. Эмчилгээнд амьдралын хэв маяг болон хоолны дэглэм өөрчлөх, эмийн эмчилгээ ордог.

Дүгнэлт

Өлсөх мэдрэмж төрүүлдэг олон янзын шалтгаанууд байдаг. Хооллох хэв маягийг өөрчилснөөр өлсөх мэдрэмжийг бууруулж болдог. Үүнд :

  • Уураг болон эслэг их хоол хүнс хэрэглэх
  • Сахар болон давсны хэрэглээгээ хязгаарлах
  • Хангалттай хэмжээний ус уух
  • Шарж хуурсан болон боловсруулсан хоол хүнсийг хязгаарлах
  • Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах

Зарим эмийн бодис, стресс бухимдал, бамбай булчирхай томрол мөн чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үед өлсөх мэдрэмж ихэсдэг байна. Байнгын өлсөх эсвэл шалтгаангүй турах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах нь зүйтэй.