Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Ханиад уу? Томуу юу? Хоорондоо ялгаатай юу?

Ханиад уу? Томуу юу? Хоорондоо ялгаатай юу?

Өглөө сэрэхэд бие эвгүйрхэж, жихүүдэс төрж, ханиалгаж, найтаах, булчин шархирч өвдөх шинж тэмдэг илэрч байна уу? Эдгээр шинж тэмдгийг ханиад эсвэл томуу эсэхийг хэрхэн ялгах вэ?

Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушигны хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй.

Ханиадны түгээмэл илрэх шинж тэмдэг?

Ханиадны шинж тэмдэг ихэвчлэн хоолой хөндүүрлэхээс эхлэх бөгөөд 1-2 хоногийн дараа аажимдаа арилдаг. Цаашлаад нус гойжих, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг халдвар авснаас 4-5 хоногт үргэлжлэн илэрнэ. Насанд хүрэгчид халуурах нь ховор. Хүүхдүүд ханиадны үед халуурах нь түгээмэл. 

Ханиад хүрсэн эхний хэд хоногт хамраас усархаг, шингэн нус гарч, яваандаа өтгөрч, өнгө нь тодорно. Хамраас бараан өнгийн нус гарах нь хэвийн зүйл.

Ханиадны шинж тэмдэг хэр удаан үргэлжилдэг вэ?

Ихэнх тохиолдолд ханиадны шинж тэмдэг 7 хоногийн хугацаанд арилдаг. Халдвар авсан эхний 3 хоног нь шинж тэмдэг хүчтэй илэрч, халдварыг бусдад тараах боломжтой байдаг үе. Иймд эхний 3 хоногт бусдад халдвар тараахгүйн тулд гадуур гаралгүй, гэртээ амрах нь зүйтэй.

Хэрэв 7 хоног өнгөрсөн ч, шинж тэмдэг бүрэн арилж, биеийн байдал дээрдэхгүй тохиолдолд бактерийн халдвар авсан байх магадлалтай бөгөөд антибиотик эмчилгээ шаардлагатай.

Мөн зарим тохиолдолд ханиадны шинж тэмдгийг харшил, хамрын хөндийн үрэвсэлтэй андуурах нь бий. Хэрэв шинж тэмдэг богино хугацаанд илэрч, ойролцоогоор 7 хоногийн хугацаанд арилж байвал харшил бус ханиад байх магадлал өндөр.

Томуугийн шинж тэмдгийг хэрхэн таних вэ?

Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хүнд явцтай бөгөөд хурдан илэрдэг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гахайн томуугийн үед бөөлжих, суулгах шинж тэмдэг хавсарч илэрнэ.

Томуугийн ихэнх шинж тэмдэг 2-5 хоногийн хугацаанд аажим намждаг. Гэсэн хэдий ч 7 ба түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байх тохиолдол элбэг. Томуугийн түгээмэл тохиолдох хүндрэл нь уушигны хатгаа бөгөөд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушиг, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурна.

Ханиадны адилаар томуугийн вирус бидний хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдаг. Иймд гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж, нүд, хамар, амандаа гараараа хүрэхгүй байх нь ханиад, томуугаас сэргийлэх үр дүнтэй арга юм.

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга нь гараа тогтмол угаах юм. Гараа савандаж, бүлээн усаар 20 секундын турш угаах нь арьсан дээрх бактери, вирусээс ангижрахад тустай.

Гараа тогтмол угаахаас гадна томуугийн вакцин хийлгэж, улирлын томуугаас сэргийлэх боломжтой. Вакцин хийлгэснээс 2 долоо хоногийн хугацаанд томуугийн вирусийн эсрэг бие биед үүсч, дархлаа тогтдог. Манай орны хувьд 9 сарын 15-аас 10 сарын 15-ны хооронд томуугийн вакцин хийлгэх нь тохиромжтой. Анх удаа томуугийн вакцин хийлгэж байгаа хүүхдэд 1 сарын зайтай 2 тун тарина.

Томуугийн халдвар авсан үед вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Томуугийн ялган оношлогоо

Жил бүрийн намрын улирлаас дараа жилийн хавар хүртэл томуугийн тархалтын оргил үе байдаг бөгөөд үүнийг улирлын томуу гэж нэрлэдэг. Дээр дурдсанчлан ханиад, томууны шинж тэмдэг ойролцоо, ялган оношлоход хүндрэлтэй ч аль нь болохыг зөв оношлосноор томуугийн хүндрэлээс сэргийлэх, эмчилгээг богино хугацаанд үр дүнтэй хийх боломж олгоно.

Ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй зэрэг дархлаа султай хүмүүс томуугийн халдвар авснаар богино хугацаанд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Мөн томуу өвчний үед антибиотик эмчилгээ үр дүнгүй, харин вирусийн эсрэг эмчилгээ хийж болно.

Томуугийн ялган оношлогоог лабораторийн нөхцөлд хамар, залгиураас арчдас авч шинжлэх бөгөөд шинжилгээний хариу томуугийн халдвар мөн эсэх, хэрвээ мөн бол А,Б хүрээний вирусийн алинаар үүсгэгдсэн болохыг заадаг.