Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Зарим витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлдөг үү?

Зарим витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлдөг үү?

Сүүлийн үед хүмүүс гоо сайхандаа анхаарал хандуулж, үс, хумс, арьсны тэжээл гэж нэрлэгддэг витамин В7 буюу биотины нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болжээ. Өдөрт авбал зохих биотины хэмжээг 30 микрограмм гэж үздэг ч, гоо сайхны зориулалтаар зах зээл дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний тун харьцангуй өндөр буюу 5000-10000 микрограмм байна. Мөн зарим судалгаанд биотины хэт өндөр тунг (100000-300000 микрограмм) тархмал хатуурал зэрэг мэдрэлийн тогтолцооны үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэж болно гэжээ.

Гэвч биотин лабораторийн зарим шинжилгээ хуурамч өндөр болон хуурамч бага хариу гарахад нөлөөлдөг байх талтай. Шинжилгээний хариу алдаатай, буруу гарах нь эмч буруу онош тавьж, эмчилгээ үр дүнгүй болох эрсдэл дагуулдаг.

Биотины тухай баримтууд:

  • Хүн амын 20 орчим хувь нь Биотин агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг
  • Дэлхий даяар 2013-2016 оны хооронд Биотины нэмэлт бүтээгдэхүүний борлуулалт 260 хувиар өссөн
  • Зах зээлд худалдаалагдаж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 90 хувь нь найрлагандаа биотин агуулсан байдаг
  • Олон мянган хүн өөрөө ч мэдэлгүйгээр өдөр бүр биотин агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсээр байдаг.

2017 оны 11 дүгээр сард АНУ-ын Хүнс, Эмийн Албанаас (FDA) эмч мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулж аюулгүйн зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид “биотин нь лабораторийн зарим шинжилгээнд хүчтэй нөлөөлж, буруу хариу гарах шалтгаан болдог” гэжээ.  Жишээлбэл, биотины нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байсан өвчтөний тропинины хэмжээ хуурамч бага гарснаас эмчилгээ буруу хийгдэж, тухайн өвчтөн нас барсан тохиолдолд бүртгэгджээ. Тропонин бол зүрхний шигдээсийн оношлогоонд хэрэглэгддэг биомаркер юм. 

Өвчтөний цусанд байгаа илүүдэл биотин ихэвчлэн дархлал судлалын шинжилгээний хариунд нөлөөлдөг бөгөөд үүнийн шалтгаан нь уг шинжилгээний арга нь өөрөө биотиныг өргөн хэрэглэдэгт оршино. Жишээлбэл, зарим шинжилгээний арга нь биотиныг цусан дахь химийн бодисуудтай холбогдож, тэдгээрийг хэмжих боломжтой болгоход ашигладаг. Иймд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авсан илүүдэл биотин нь цусан дахь химийн бодисуудтай холбогдох үйл явцыг саатуулснаас, шинжилгээний маркерууд алдаатай хэмжигдэх шалтгаан болдог.

Судалгааны өгүүллүүдээс харахад биотины хэрэглээнд өндөр мэдрэг үзүүлэлтүүд нь паратиройд даавар (PTH), бамбай сэдээгч даавар (TSH), T3, T4 зэрэг бамбай булчирхайн үзүүлэлтүүд болон тропонин, бэлгийн дааврын үзүүлэлтүүд (АМД, эстрадиол, ФСД, ЛД, пролактин, прогестерон, тестостерон, ХГ), витамин Д юм. Биотин нь дархлал судлалын шинжилгээний олон аргад хэрэглэгддэг тул дээрх үзүүлэлтүүдээс гадна шинжилгээний олон маркерт нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Хүнс, Эмийн Алба нь эмч, лабораторийн ажилтнуудыг үйлчлүүлэгчээсээ хэрэглэж байгаа эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийх нь талаар мэдээлэл авч, тухайн хүн биотин хэрэглэж байгаа болон өгч байгаа шинжилгээ нь биотинд мэдрэг эсэхийг нягталдаг байхыг зөвлөж байна. Тухайн үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу нь эмнэлзүйн шинж тэмдэг, зовиур, таамагласан оноштой нийцэхгүй байгаа тохиолдолд биотины хэрэглээг анхаарах нь зүйтэй. 

Хүнс, Эмийн Албаны анхааруулж байгаагаар хүмүүс лабораторийн шинжилгээний хариугаа биотины нөлөөгөөр буруу гарахаас сэргийлэхийн тулд өөрийн хэрэглэж байгаа амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл сайтай байхыг зөвлөдөг. Хэдийгээр таны хэрэглэж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нүүрэнд биотин агуулсан гэсэн мэдээлэл байхгүй ч, зөвхөн арын орц, найрлага заасан хүснэгтэнд жижгээр бичсэн байж болно. Үс, хумс, арьсыг эрүүл болгоно гэж сурталчилдаг бүтээгдэхүүнүүдэд энэ нь түгээмэл ажиглагддаг. Иймд та өөрийн ууж хэрэглэж байгаа аливаа эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг анхаарч, зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна. Мөн лабораторид шинжилгээ өгөхдөө хэрэглэж байгаа эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллэдэг байх нь чухал.

Хүнс, Эмийн Албанаас эмийн сангуудад жоргүй олгогддог олон бүтээгдэхүүний найрлагад биотин ордог бөгөөд тэдгээр нь лабораторийн шинжилгээний хариунд нөлөөлөх үйлчлэлтэйг олон нийтэд анхааруулсан. Зарим бүтээгдэхүүнийг дурьдвал:

  • В амин дэмийн комплекс
  • Коэнзим Р
  • Үс, хумс, арьсны тэжээл, ургалт дэмждэг бүтээгдэхүүнүүд
  • Витамины комплекс
  • Жирэмсний витаминууд
  • Витамин В7 нэмэлт бүтээгдэхүүн
  • Витамин Н

Үйлчлүүлэгч та бүхэн биотины нэмэлт бүтээгдэхүүн болон найрлагандаа биотин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, хэрэглэхээр төлөвлөж байгаа бол эмч, лабораторийн ажилтанд хэлэх нь зүйтэй бөгөөд лабораторийн шинжилгээний хариу ойлгомжгүй, хуурамч өндөр, бага гарсан шалтгаан нь биотин байх магадлалтай. Хэрэв биотин хэрэглэж байгаа бол эмчийн заавраар шинжилгээ өгөхөөс хэд хоногийн өмнө уухаа зогсоох шаардлагатай.

Зөвлөмж: Хэдийгээр биотин шинжилгээний хариунд нөлөөлөх эрсдэлтэй ч энэ нь тухайн лабораторийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж, урвалжийн төрөл, үйлдвэрлэгчээс ихээхэн шалтгаалдаг. Зарим нэр төрлийн тоног төхөөрөмж, урвалж нь биотины тунгаас шалтгаалж хэт мэдрэг байхад үүнд өөрчлөлт үзүүлдэггүй тоног төхөөрөмж ч бий. ДЭМБ болон бусад олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас лабораторийн тоног төхөөрөмжүүдэд тогтмол хяналт тавин, судалгаа хийж биотин болон бусад химийн бодист мэдрэг бус, шинжилгээний хариунд нөлөөлөх бусад хүчин зүйл хамгийн бага тоног төхөөрөмж, урвалжуудыг ашиглахыг зөвлөдөг.

Оношмед Лаборатори нь дээр дурьдсан шинжилгээнүүдийг Францын BIOMÉRIEUX компаний бүрэн автомат VIDAS төхөөрөмжийг ашиглан хийж байна. VIDAS нь олон оронд хийгдсэн судалгаагаар биотинд мэдрэг бус бөгөөд шинжилгээний хариунд нөлөөлөлдөггүй гэдэг нь батлагдсан.