Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Өндгөвчний нөөц тодорхойлох Анти-Мюллерийн Дааврын (АМД) шинжилгээ

Өндгөвчний нөөц тодорхойлох Анти-Мюллерийн Дааврын (АМД) шинжилгээ

Сүүлийн жилүүдэд өндгөвчний нөөц тодорхойлох Анти-Мюллерийн Даавар (АМД) нь анагаах ухааны салбарт ихээхэн сонирхол татаж байна. Эрэгтэй хүнд анти-мюллерийн даавар (АМД) зөвхөн төмсгөнд, эмэгтэй хүнд  өндгөвчинд нийлэгждэг, өндгөвчний нөөцийг тодорхойлох зорилгоор шинжилдэг. Өндгөвчний нөөц гэдэг нь эмэгтэй хүн өөрийн өндгөн эсийг ашиглан эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг хэлнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Өндгөвчний нөөцийг тодорхойлогч анти-мюллерийн даавар (АМД) –ын үйл ажиллагааг ойлгохын тулд өндгөн эс өндгөвчинд хэрхэн хадгалагддаг тухай ойлгох хэрэгтэй.  Эмэгтэй ураг  жирэмсний эхэн үед, эхийн хэвлийд байхдаа өндгөвчиндөө өндгөн эсийг бүрэлдүүлж эхэлдэг. Өндгөн эс бүр гадуураа гранулоза эсэн бүрхүүлтэй бөгөөд хамтад нь фолликул гэж нэрлэдэг.

Ургийн хөгжил явагдахын хирээр фолликулын тоо нэмэгдэнэ. Жирэмсний 20 дахь долоо хоног гэхэд эмэгтэй ураг хэдэн зуун сая фолликултай болсон байна. Энэ үеэс эхлэн дахин шинэ фолликул үүсэхгүй, нөөцөлсөн фолликул сөнөрч эхэлдэг. Охин ураг төрөх үед түүний өндгөвчин дэх фолликулын тоо эрчимтэй багасч, ердөө хэдэн зуун мянга болдог. Энэхүү сөнөрлийн үйл явц хүүхэд төрсний дараа ч үргэлжлэх бөгөөд өндгөвчин дэх фолликулын нөөц дуусах хүртэл буюу цэвэрших хүртэл үргэлжилдэг.

Эмэгтэй хүүхдийн бэлгийн бойжилт эхлэхээс өмнөхөн фолликул овуляцид бэлтгэгдэж эхлэх бөгөөд энэ үе шатыг фолликулогенез гэнэ. Фолликулогенез  ойролцоогоор 375 хоног үргэлжилдэг. Энэ нь биений юмны 13 мөчлөгтэй тэнцүү юм. Уг үйл явц тасралтгүй үргэлжлэх тул эмэгтэй хүний өндгөвчинд хөгжлийн үе шатаараа ялгаатай фолликулууд байсаар байдаг.

Фолликулын үе шат

Примордиал – Урагт зөвхөн энэ төрлийн фолликул байна. Насанд хүрэгчдийн өндгөвчинд байгаа нийт фолликулын дийлэнх нь примордиал үе шатанд байна.  Фолликулын хэмжээ маш жижиг тул хэт авиан оношлогоогоор харагдахгүй. Өндгөн эс бүрэн хөгжөөгүй бөгөөд энэ төрлийн фолликулууд хүний биед 50 хүртэлх жил идэвхгүй байдаг. Примордиал фолликулууд дааварт хариу урвал үзүүлэхгүй ч,  хэзээ нэгэн цагт “идэвхждэг”. Примордиал фолликулууд хэрхэн идэвхждэг нь бүрэн тайлбарлагдаагүй, анти-мюллерийн даавар примордиал фолликулаас нийлэгждэггүй.

Анхдагч  – Идэвхжсэн примордиал фолликулыг анхдагч фолликул гэнэ. Ийнхүү өндгөн эсийн 375 хоногийн аялал эхлэх бөгөөд эцэст нь овуляци явагдах эсвэл сөнөрч үгүй болно. Анхдагч фолликулууд хараахан дааварт хариу урвал өгөхгүй.  Мөн хэт авиан оношлогоогоор харагдахгүй бөгөөд анти-мюллерийн даавар нийлэгжүүлэхгүй.

Хоёрдогч– Примордиал фолликул идэвхжин өсөж хөгжсөнөөс ойролцоогоор 270 хоногийн дараа анхдагч фолликул хоёрдогч болно. Хоёрдогч үе шатны төгсгөлд фолликулаас анти-мюллерийн даавар нийлэгжиж эхлэх бөгөөд үүнийг пре-антрал фолликул гэж нэрлэдэг. Хэдийгээр хэт авиан оношлогоонд харагдахгүй жижиг хэмжээтэй байх боловч дааварт хариу урвал өгч эхэлдэг. Пре-антрал фолликулын диаметр 0.2мм,  овуляциас 65 хоногийн өмнө үүсдэг.

Антрал – Энэ үе шат ойролцоогоор 50 хоног үргэлжилдэг. Өндгөн эс, фолликулын аль аль нь өсөж, хөгжинө. Антрал фолликулууд хэт авиан оношлогоогоор 2-10 мм хэмжээтэй харагдана. Хэт авиагаар антрал фолликулыг тоолох нь өндгөвчний нөөцийг тодорхойлох нэг арга. Оношлогоо хийх үед эмэгтэйд цөөн тооны эсвэл маш олон антрал фолликул тоологдож болно. Бүлэг антрал фолликулыг кохорт гэж нэрлэх бөгөөд кохортод агуулагдах фолликулын тоо ихэвчлэн 50 эсвэл 60-аас цөөн байна.

Антрал фолликул нь анти-мюллерийн даавар (АМД), эстроген ялгаруулдаг.  Фолликулын гранулоза эсийн гадаргуугын рецепторууд өнчин тархинаас ялгарах дааварт, ялангуяа фолликул сэдээгч дааварт (ФСД) өндөр мэдрэг байдаг. Фолликул сэдээгч даавар (ФСД) нь фолликулын эстроген даавар нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Эстроген болон ФСД нь фолликулын хөгжилд чухал нөлөөтэй. Олон тооны фолликулаас бүрдсэн бүлгээс ихэнхдээ зөвхөн нэг фолликул давамгайлж, овуляцийн үе шат хүртэл хөгжиж, үлдсэн хэсэг нь сөнөрнө. Давамгайлсан болон сөнөрсөн фолликулуудаас АМД-ын нийлэгжил зогсдог.

Овуляцийн өмнөх  – Овуляци явагдахаас 8-10 хоногийн өмнө давамгайлсан ганц фолликул цаашид өсч хөгжинө. Овуляцийн өмнөх үед фолликул аажмаар томорч 20-22 мм болно.

АМД нь өндгөвчний зөвхөн пре-антрал болон антрал фолликулын гранулоза эсэд нийлэгждэг. АМД-ын түвшинг хэмжих нь фолликулын кохортын хэмжээг тодорхойлоход тусална.

АМД насжилттай холбоотойгоор буурдаг

Эмэгтэйчүүд насжихын хирээр сөнөрлөөс шалтгаалж примордиал фолликулын нөөц багасдаг. Үр дүнд нь идэвхгүй төлвөөс идэвхтэй төлөвт шилжих фолликулын тоо цөөрнө. Антрал фолликулын кохортын хэмжээ буурахад фолликулаас ялгарч буй нийт АМД-ын хэмжээ буурна. Иймээс настай эмэгтэйн АМД-ын хэмжээ залуу эмэгтэйтэй харьцуулахад бага байдаг.

Хэдийгээр насны бүлэг бүрт эмэгтэйчүүдийн AMД-ын түвшин ялгаатай байдагч, залуу эмэгтэйчүүдийн AMД-ын дундаж түвшин настай эмэгтэйчүүдийн дунджаас өндөр байдаг.

Насны бүлэг 10% 50%
18-24 1.10 3.60
25-29 1.10 3.20
30-34 0.52 2.10
35-39 0.20 1.50
40-41 0.10 0.80
42 ба түүнээс дээш 0.09 0.50

Жишэээлбэл: 

18 настай эмэгтэйн АМД-ын хэмжээ 1.0 байх нь өндгөвчний нөөц маш бага байгааг илэрхийлнэ. Бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад ижил насны 905 эмэгтэйн AMД-ын түвшин түүнийхээс өндөр байгааг харуулна.

32 настай эмэгтэйн АМД-ын хэмжээ 2.1 байвал нь насны бүлгийн хувьд дундаж үзүүлэлт гэж тайлбарлана. Тухайн насны бүлэгт байгаа эмэгтэйчүүдийн 50% нь 2.1-ээс дээш хэмжээтэй, үлдсэн 50% нь бага хэмжээтэй байна гэсэн үг.

40 настай эмэгтэйн АМД-ын хэмжээ 3.2 байх нь тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндгөвчний нөөц өндөр байгааг илэрхийлнэ.

Антрал фолликулын /кохорт/ хэмжээ үр тогтоох боломжтой шууд хамааралтай. Үр тогтоох чадвар хэвийн залуу эмэгтэйчүүдийн АМД-ын хэмжээ өндөр, хэт авиан оношлогоонд антрал фолликулын тоо олон байдаг.

АМД ба өндгөвчний нөөц

Цусанд AMД-ын түвшинг хэмжих гол зорилго нь өндгөвчний нөөцийг тодорхойлоход оршдог: AMД-ын түвшин багатай эмэгтэйчүүд AMД-ын түвшин өндөр эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндгөвчний нөөц бага байна. Нөхөн үржихүйн мэргэжилтнүүд үр тогтоох эм бэлдмэл сул нөлөөлөх эмэгтэйчүүд болон үргүйдлийн эмчилгээ амжилтгүй болох магадлалтай хосуудыг илрүүлэхэд AMД-ыг ашиглаж байна.

АМД ба үр тогтоолт

Саяхныг хүртэл ихэнх АМД-ын судалгаанд үргүйдэл оношлогдсон эмэгтэйчүүдийг хамруулсаар ирсэн. Жирэмслэхээр төлөвлөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдэд АМД-ын шинжилгээ хийх ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байв. Гэвч саяхан хийсэн судалгаагаар үргүйдэлгүй эмэгтэйчүүдийн дунд АМД-ын хэмжээ бага эмэгтэйчүүд АМД-ын хэмжээ өндөр эмэгтэйчүүдтэй харьцуулахад жирэмслэх тохиолдол бага байгааг тогтоожээ.

АМД ба үр тогтоох эмчилгээ

Өндгөвчний нөөц багатай гэдэг нь АМД-ын түвшин бага байгаагаар батлагдсан эмэгтэйчүүдэд үр тогтоох эм бэлдмэл үр дүнд хүрдэггүй. Эдгээр эмэгтэйчүүдэд өндөр тунгийн эмчилгээ хийсэн ч  хариу урвал бага байдаг.

Өндгөн эсийг хөгжүүлэх зорилгоор сэдээлт хийсэн ч чанарын хувьд хангалтгүй байдаг. Жишээ нь үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдэд АМД-ын хэмжээ 0.5-аас бага бол үр хөврөийг шилжүүлэн суулгах боломж 1/3, харин АМД-ын хэмжээ 2-оос дээш эмэгтэйчүүдийн 99%-д  үр хөврөлийг шилжүүлэх боломжтой. Хэрэв зөвхөн үр хөврөл шилжүүлэх боломжтой эмэгтэйчүүдийг авч үзвэл АМД-ын хэмжээ 0.5-аас бага эмэгтэйн жирэмслэх магадлал 18% байхад АМД-ын хэмжээ 2-оос дээш эмэгтэйчүүдэд жирэмслэх магадлал 45% байдаг.

АМД-ын хэмжээ бага байх нь үлдсэн өндгөн эсүүд  чанарын болон тооны хувьд асуудалтай байгааг илэрхийлнэ.

АМД-тай холбоотой бусад мэдээлэл

АМД нь өндгөвчний нөөцийг тодорхойлдог бусад дааврын шинжилгээтэй (жишээ нь: цусанд ФСД үзэх) харьцуулахад биений юмны мөчлөгөөс хамаарч хэлбэлзэх нь  маш бага. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний хэдбэлзэл гарах бөгөөд АМД-ын хэмжээ өндөр тохиолдолд илүү хэлбэлзэлтэй байдаг.

Таргалалттай эмэгтэйчүүдэд АМД хэмжээ бага байдаг ч шалтгаан тодорхой бус. Таргалалттай эмэгтэйчүүдийг хэвийн жинтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад үр тогтоох чадвар нь муу байдгийг өндгөвчний нөөц бага байгаагаар тайлбарлаж болох юм.

Поликистоз буюу өндгөвчний олон уйланхайт хамшинжтэй эмэгтэйчүүдийн антрал фолликул тоо их байдгаас АМД-ын түвшин хэвийн хэмжээнээс өндөр байдаг.