Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Анти-Мюллерийн Дааврын шинжилгээний ач холбогдол

Анти-Мюллерийн Дааврын шинжилгээний ач холбогдол

Эрэгтэй хүний эр бэлгийн эс байнга боловсордог ба сая сая тооны нөөцтэй байдаг. Харин эмэгтэй хүн байгалиас заяасан цөөн тооны өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Эмэгтэй хүний өндгөн эсийн нөөц дуусахад үр тогтоох чадваргүй болно. Эмэгтэй хүний үр тогтоох чадвар цэвэршилтийн дараа бүр мөсөн зогсдог. Эрэгтэй хүний үр тогтоох чадвар нь нас ахих тусам эр бэлгийн эсийн тоо цөөрөх, эр бэлгийн эсийн чанар бууруулдаг генетикийн мутацийн хуримтлал үүсэх зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч буурдаг.

Зарим тохиолдолд өндгөн эсийн нөөц наснаас хамааран байх ёстой хэмжээнээс бага байдаг. Өндгөн эсийн нөөц хорогдолд орсноор эмэгтэй хүний үр тогтоох чадвар буурах, эсвэл үр тогтоох чаваргүй болно. Иймээс өндгөн эсийн нөөцийг тодорхойлж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх нь чухал юм.

АМД (Анти-Мюллерийн Даавар)-ын шинжилгээ нь эмэгтэй хүний өндгөвчний нөөц, түүний хорогдол, эрт цэвэршилтийг оношлох зорилготой цусны шинжилгээ юм.

АМД гэж юу вэ?

АМД нь өндгөн эсийн бие гүйцээгүй цэврүүнээс ялгардаг бэлгийн даавар юм. АМД-ын хэмжээ биений юмны мөчлөгийн туршид харьцангуй тогтвортой байдаг тул  шинжилгээг  мөчлөгийн хоног харгалзахгүйг өгч болно. АМД шинжилгээ нь өндгөвчний чанар, биений юмны мөчлөг алдагдах зэрэг хүчин зүйлийг шууд илрүүлэхгүй, харин өндгөвчний нөөц тодорхойлох сайн үзүүлэлт болно. Мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж буй эмэгтэйн бие эмчилгээнд хэрхэн хариу урвал өгч байгааг уг шинжилгээгээр хянаж болдог.

Эмэгтэй хүний одоогийн болон ирээдүйн үр тогтоох чадварыг үнэлэхийн тулд эмч таныг ойролцоо насны хүмүүсийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийдэг. АМД-ын хэмжээ насжилттай холбоотой буурдаг ч, огцом унах нь эрт цэвэршилт эхлэх эсвэл өндгөвчний нөөц хорогдолд орж буйг мэдээлнэ. АМД-ын хэмжээ буурч байгааг тодорхойлсноор үр тогтоох эмчилгээний үр дүнг үнэлэх, өндгөвч сэдээх эмчилгээ эсвэл өндгөн эс хадгалах шаардлагатай үгүйг хэлж өгнө. АМД-ын хэмжээ 1-ээс дээш байх нь ихэвчлэн өндгөвчний нөөц хангалттай байгааг илтгэдэг.

Зарим эмэгтэйчүүдийн өндгөвчний нөөц хорогдсон ч сарын тэмдэг хэвийн ирдэг. АМД шинжилгээ нь 1-ээс дээш жилийн турш жирэмслэхээр төлөвлөсөн ч, шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй залуу хосуудад ач холбогдолтой шинжилгээ юм.

AMД-ын тест өргөн хүрээг хамрахаас өмнө үр шилжүүлэн суулгах эмчилгээнд (IVF) хамрагдсан эмэгтэйчүүд эмчилгээний эмэнд хэрхэн хариу урвал өгч байгааг үнэлэхийн тулд бүрэн IVF мөчлөгт хамрагдах ёстой байв. AMД нь эмэгтэйд нэмэлт эмчилгээ хэрэгтэй эсэх, IVF-ийн эмчилгээ амжилттай болох магадлал зэрэг эмэгтэй хүний ​​үр тогтоох чадварт тулгамдсан суурь асуудлыг тодорхойлох боломжтой юм.

АМД шинжилгээг хэрхэн хийдэг вэ?

АМД –ын шинжилгээг венийн судаснаас цус авч шинжилдэг. Хэдийгээр шинжилгээ авах аргачлал нь хялбар боловч, үр дүнг гаргах тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Энэхүү шинжилгээг хүн бүрт зөвлөдөггүй ба мэргэжлийн эмчийн зааврын дагуу шинжилгээг өгдөг. АМД – ын шинжилгээ өгөхөөс өмнө өлөн байх шаардлагагүй ба хөнгөн цай ууж болно. Шинжилгээ өгөхөд хэдхэн минут зарцуулна. Оношмед лабораторид таны шинжилгээний хариуг өдөрт нь гаргадаг давуу талтай.

Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг бүрэн үнэлэхэд антрал цэврүүний тоо (AFC), бэлгийн дааврын бусад шинжилгээг шаардлагатай тохиолдолд биений юмны мөчлөгийн тодорхой хоногуудад өгдөг. Харин АМД шинжилгээг мөчлөгийн хоног харгалзахгүй өгнө.

Та www.onoshmed.mn веб хуудаснаас бусад бэлгийн дааврын шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Ихэнх судалгаанд АМД-ын хэмжээнд жирэмслэхээс сэргийлэх эм нөлөөлдөггүй гэсэн дүгнэлт байдаг. Гэсэн хэдий ч жирэмслэхээс сэргийлэх эм нь бусад бэлгийн дааврын хэмжээнд нөлөөлдөг. Иймээс үр тогтоох эмчилгээ хийлгэх гэж буй эмэгтэйчүүдийг 3-аас дээш сараар жирэмслэхээс сэргийлэх эмээ зогсоохыг зөвлөдөг.

AMД лавлагаа

Тайлбар: AMД-ын түвшин биений юмны мөчлөгийн турш мэдэгдэхүйц өөрчлөгддөггүй, нас ахих тусам буурдаг. 35-аас доош насны эрүүл эмэгтэйн АМД-ын түвшин биений юмны мөчлөгийн үед 2.0 – 6.8 ng/ml (14.28 – 48.55 pmol/L) байдаг. Өндгөвчний олон улайнхайт хамшинжийн үед АМД түвшин өндөр байна (>6.8 ng/ml).

Доорх хүснэгт нь 12-44 насны 435 эрүүл эмэгтэйчүүдэд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан тоо баримт юм. Уг судалгаанд жирэмслэхээс сэргийлэх эм уудаггүй, 18-аас дээш насны хэвийн биений юмны мөчлөгтэй эмэгтэйчүүд хамрагдсан.

АМН-ийн хэвийн хэмжээ /35-аас доош насны эмэгтэйчүүд/
Өндөр >4.0 ng/ml
Хэвийн 1.5-4.0 ng/ml
Хэвийн (бага) 1.0-1.5 ng/ml
Бага 0.5-1.0 ng/ml