Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Хүний Папиллома Вирусийн тухай

Хүний Папиллома Вирусийн тухай

Хүний папиллома вирус (ХПВ) нь умайн хүзүүний хавдрын үүсэлд хамгийн чухал ач холбогдолтой. ХПВ нь ДНХ агуулсан вирус бөгөөд ДНХ-ийн дарааллаас хамаарч их ба бага эрсдэлт хэвшинж гэж хуваагдана. Эдгээрээс ХПВ-ийн 15 их эрсдэлт  хэвшинж тодорхойлогдсон боловч ХПВ-16 хэвшинж нь умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын бараг 60%-ийг дангаараа эзэлдэг бол үлдсэн 10% нь ХПВ-18 хэвшинж, харин 5% хүрэхгүйг бусад хэвшинжүүдээс шалтгаалж байна. ХПВ-ийн их эрсдэлт хэвшинж нь бэлгийн уруул, үтрээ, шодой, хошного, гүйлсэн булчирхай, болон бусад ам-залгиурын хорт хавдрын үүсэлд чухал оролцоотой болохыг тогтоожээ

Бэлгийн замын ХПВ-ийн халдвар маш элбэг боловч ихэнхдээ шинж тэмдэггүй, эдэд өөрчлөлт үүсгэдэггүй тул Пап тестээр илэрдэггүй. Ихэнх ХПВ-ийн халдвар тогтворгүй буюу бэлгийн харьцаанд орсноос хэдэн сарын дараа дархлааны механизмаар устаж арилдаг. Дунджаар, ХПВ-ийн  халдварын 50% нь 8 сарын дотор биеэс цэвэрлэгддэг бол  халдварын 90% нь 2 жилийн дотор цэвэрлэгдэж арилдаг.  

ХПВ-ийн  карциноген чадвар нь вирусийн E6 ба E7 уургаас хамаарна. Эдгээр уургууд хавдар дарангуйлах уургийн идэвхжилийг саатуулж, эсийн ургалт болон амьдрах чадварыг зохицуулна. Хэдийгээр ХПВ умайн хүзүүний давхраат хучуур эдийн боловсроогүй хавтгай эсэд халдварладаг ч вирусийн репликаци боловсорсон хавтгай эсэд явагдана. Хэвийндээ боловсорсон эсүүд нь эсийн мөчлөгийн G1 фазад саатсан байдаг боловч ХПВ-ээр халдварлагдсан тохиолдолд эсийн мөчлөгийн идэвхтэй хуваагдалд орно. Ингэж эзэн эсийн ДНХ-ийн нийлэгжлийн аппаратыг ашиглан вирус өөрийн геномыг хувилдаг байна. Вирусийн E7 уураг нь RB-ийн бага фосфоржсон (идэвхэжсэн) хэлбэртэй холбогдож, протеосомын замын задралыг дэмждэг төдийгүй p21, p27 гэх хоёр чухал циклин-киназа дарангуйлагчидтай холбогдож, эдгээрийг бас дарангуйлна. Ийнхүү хяналт алдагдсанаар эсийн мөчлөгийг нэмэгдүүлээд зогсохгүй ДНХ-ийн гэмтлийг засварлах чадварыг алдагдуулна. ХПВ-ийн их эрсдэлт хэвшинжийн E6 уураг нь ДНХ-ийн гэмтлийн алдааг нэмэгдүүлээд зогсохгүй, хавдар дарангуйлагч p53 уурагтай холбогдож протеосомын доройтлыг дэмждэг. Түүнчлэн, E6 нь теломеразын нийлэгжлийг улам ихэсгэснээр эсийг үхүүлэлгүй мөнхжүүлдэг. 

ХПВ хорт хавдарт өдөөдөг өөр нэгэн хүчин зүйлс бол вирусийн физик төлөв юм. Ихэнх хавдрын үед эзэн эсийн геномтой вирусийн ДНХ нэгдсэн байдаг. Энэ хэлбэржилтийн дүнд E6 ба E7 генийн нийлэгжил нэмэгдэж, MYC гэх мэт вирус орж ирсэн хэсэгт ойролцоо байх онкогенийг эмгэгээр зохицуулна. 

Хэдийгээр ХПВ умайн хүзүүний хавдрын гол шалтгаан гэж тэмдэглэгддэг боловч дангаараа хавдар үүсгэхэд хангалттай биш гэж үздэг. Учир нь нөхөн үржихүйн насны залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь нэг ба түүнээс олон тооны ХПВ-ийн халдвар авдаг боловч эдгээрээс цөөн хэдхэн нь хорт хавдарт шилждэг. Иймд эзний дархлааны байдал, хавсарсан карциногенд өртөх зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөллөөр ХПВ-ийн халдвар намжиж эсвэл тэсвэртэй үлдсэнээр  эцэстээ хорт хавдарт шилждэг байна.