Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Халдвар үрэвслийг тодорхойлох биомаркерууд

Халдвар үрэвслийг тодорхойлох биомаркерууд

Биомаркер бол бие махбодын эрүүл байдал, өвчний явц эсвэл эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн эмийн бодисын хариу урвал, тэдгээрийг үнэлэхэд ашиглагдах, хэмжигдэх боломжтой шинж тэмдэг юм. Энэ тодорхойлолтын дагуу лабораторийн шинжилгээний хариу, дүрс оношлогооны шинжилгээ, өвчний түүхийн тэмдэглэл бүхэлдээ биомаркерт багтдаг. Товчхондоо биомаркерыг оношлогооны, урьдчилан сэргийлэх, өвчний тавилан эсвэл эмчилгээ, түүний аюлгүй байдлыг хянах гэж ангилдаг. 

Эмнэлзүйн лаборaторид ашиглагддаг биомаркерууд нь «цус, биеийн бусад шингэн, эдэд хүний биеийн эрүүл, эмгэг байдлын шинж тэмдэг болох биологийн молекул» юм. Жишээлбэл, нойр булчирхайн шүүрлүүд (амилаза, липаза), элэгний энзимүүд (АЛАТ, АСАТ), зүрхний цочмог шигдээсийн маркер (зүрхний булчингийн тропонин), хавдрын маркерууд ордог. Энэ удаад халдвар, үрэвслийн үед илрэх биомаркеруудын тухай бэлтгэлээ. 

Халдвар үрэвслийн үед илрэх уламжлалт биомаркерууд

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд, үрэвслийн маркерууд, бактер вирусын халдварыг илтгэх серологийн маркеруудыг xалдвар үрэвслийн үед ашигладаг. Тухайлбал цусны цагаан эсийн тоо бол үрэвслийг илтгэх цусны шинжилгээний уламжлалт биомаркер, үрэвсэл халдварын эрт үеийн шинж болдог.

Үүнээс гадна улаан эсийн тунах хурд (УЭТX – цочмог үрэвслийн үе дэх шууд бус шинж бөгөөд хэдий өвөрмөц бус шинж тэмдэг ч 1921 оноос хойш одоог хүртэл эмнэлзүйн лабораторид хэрэглэдэг), С урвалжит уураг (нянгийн халдварын үед, түүнийг таних байгалийн дархлааны чухал бүрэлдэхүүн уураг) орно. С урвалжит уургийн ийлдэс дэх хэмжээ маш хурдтай нэмэгддэг бөгөөд 1000 дахин хүртэл нэмэгдэж болдог. С урвалжит уургийг үрэвсэл халдварын цочмог үеийн биомаркер болгон ашигладаг. 

Серологийн маркерууд халдварын үүсгэгчийг илрүүлэх, эсрэгтөрөгч (бактер, вирyсын өвөрмөц уураг), эсрэгбиет (биемахбодийн хэвийн хамгаалах уураг) өвөрмөц зарчимд тулгуурлана. Жишээлбэл, тэмбүү (трепонема паллидиум), рикетси, стрептококкын омгийг таних шинжилгээнүүд орно. 

Үжил, халдвар үрэвслийн үе дэх шинэ биомаркерууд

Сүүлийн жилүүдэд  прокальцитонин (ПКТ буюу англиар РСТ), лактатыг үжлийн биомаркер болгон ашиглаж байна. ПКТ бол калцитонин дааврын урьдал хэлбэр бөгөөд, халдвар үрэвслийн үед цуcанд прокалцитонин хэлбэрээр ялгардаг байна. Халдвар, үрэвслийн үед огцом нэмэгддэг учир, үжлийн үеийн биомаркер болгон ашиглаж байна. Цусан дахь лактатын хэмжээ хэт ихсэх (гиперлактатеми) хүнд үжлийн шинж тэмдэг тул үжлийн шокийг хянaхад тохиромжтой.  ПКТ болон лактатыг үжлийн шалтгаантай нас баралтыг бууруулах зорилгоор 2017 оноос эмнэлзүйд идэвхитэй ашиглаж байна. 

Ойрын ирээдүйд үжлийн биомаркер болгон пентраксин-3 болон препепсин эмнэлзүйд нэвтрэхээр судлагдаж байна.

Пентраксин-3 – нейтрофил эcийн мөхлөгт агуулагдах бөгөөд үрэвслийн үед чөлөөлөгддөг, үжлийн үед 24 цагийн дотор цусан дахь хэмжээ огцом өсдөг байна. Үүгээр зогсохгүй үжлийн эмчилгээ үр дүнгүй үед пентраксин-3 хэмжээ буурдaггүй тул тавилан тодорхойлох, хянах биомаркер болгон ашиглах боломжтой. 

Прeпепсин – макрофаг эсийн гадаргуугийн маркер болох CD14-ийн уусамтгай хэлбэр. Байгалийн дархлаанд халдварыг таних чухал үүрэгтэйгээр оролцдог. Цусан дахь хэмжээ ихсэх нь системийн (хэсэг газрын бус) халдварын үед тохиолддог тул үжлийн үе дэх хамгийн сайн биомаркер болохыг олон судалгаа харуулсаар байна. 

Ирээдүйд ашиглагдах бусад биомаркерууд

Бактерийн халдварын голомтоос илрүүлж болох биомаркеруудад хүний нейтрофил эсийн эластаза болон катепсин-Г ферментүүд (эсгэг) багтаж байна. Эдгээр ферментүүд нь нейтрофил эсийн азурофил мөхлөгт агуулагдах бөгөөд бактерийн халдварын эсрэг дархлааны урвалын үед ялгардаг байна. Үүнээс гадна уушгины хатгалгааны үед цусан дахь интeрлeйкин-6, мөөгөнцрийн халдварын үед галактоманнан болон 1,3-бета-глукан зэрэг биомаркер болон эмнэлзүйн лаботорид хэрэглэгдэхээр бэлтгэгдэж байна.  

Эх сурвалж: Эмнэлзүйн лабораторийн шинжлэх ухаан сэтгүүл